sonin.mn
Монгол Улсад 2000 оны үед хамгийн хүнд үе байсан гэлцдэг. Нийт газар нутгийнх нь 50 хувь нь тусгай зөвшөөрөлтэй буюу бусдын мэдэлд.
 
Уул уурхайн хайгуул, олборлолт явуулсан газар нутгийн 30 хувьд нь л техникийн нөхөн сэргээлт хийдэг байсан бол биологийн нөхөн сэргээлт дөнгөж долоон хувьтай байсныг салбарынхан ярьдаг. Энэ үеийг бодвол одоо монголчууд уул уурхайн талаар чамлахааргүй мэдлэгтэй, баялгаа ашиглуулсныхаа үр шимийг нэхдэг, байгаль орчноо хамгаалахыг шаарддаг болж. Хэдий тийм ч газрын доорх баялгаа гадныханд ашиглуулчихаад үр шимийг нь хүртэж чаддаггүй хэвээрээ байна.
 
Уул уурхайн томоохон төслөөс ирээдүйд үлдэх сан байгуулдаг жишиг олон улсад тогтоод буй. Харин Монгол Улсад байгалийн баялгийн энэхүү зөв засаглал бүрэлдээгүй байгааг уул уурхайн салбарын олон улсын шинжээч, судлаачид онцлоод буй. Үүний нэг шалтгаан нь орон нутгийн хөгжлийн гэрээ юм.
 
Олон улсын хэллэг нь орон нутгийн хөгжлийн гэрээ гэдэг бол манайд хамтран ажиллах гэрээ, нийгмийн хариуцлагын гэрээ ч гэх нь бий. Зорилго нь үндсэндээ ижил. Тухайн орон нутгийн иргэд байгалийн баялгаа ашиглуулсны төлөө ямар ашиг хүртэхийг тусгадаг гэрээ. Ингэхдээ дээр өгүүлснээр үр шим нь урт хугацааных гэдгийг онцлох учиртай.
 
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгийн ярьснаар Монгол Улс 2006 оноос хойш орон нутгийн хөгжлийн гэрээг байгуулж эхэлсэн шинэ түүхтэй. Энэ гэрээний талаар нэгдсэн тодорхойлолт аль нэг хуульд одоог хүртэл тусгаж өгөөгүй. Харин тус гэрээнд юу тусгах талаар алаг цоог ойлголт ганц, нэг хуульд бий. Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д байгаль орчин хамгаалал, дэд бүтэц, ажлын байр нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр хийх ёстойг заажээ.
 
Үнэндээ өнөөдрийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээнүүд нь бүгд авлигын шинжтэй гэж хэлж болно. Тухайн орон нутгийг урт хугацаанд хөгжүүлэх тодорхой нарийн заалтгүйгээр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалсан гэрээг хийж байгааг орон нутгийнхан халаглан ярьж байна.
 
Тухайлбал, Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглаж буй “МонЭнКо” компани гэж бий. Тус компани Ховд аймаг хооронд байгуулсан гэрээнд иргэний нийгэм, иргэдийг оролцоог орхигдуулсан. Гэрээ байгуулахгүй байх, байгуулсан ч хэрэгжүүлэхгүй, эсвэл нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн нөхцлүүд тусгах дүр зураг харагдаж байна. Ховд аймгийн хувьд ч гэрээний талаарх мэдээлэл олон нийтэд ил тод бус, хэрэгжилтийг хянах явцад иргэдийн оролцоо байхгүй төдийгүй аймгийн зүгээс гэрээнийхээ хэрэгжилтийг бодитойгоор үнэлж, хяналт тавих чадавх сул байгааг “Нээлттэй нийгэм” форумынхан мониторингийн дүндээ онцолжээ. Байгаль орчны нөхөн сэргээлтийн хувьд гэхэд “МонЭнКо” компани жил бүр хөрс хуулалтын талбайтай тэнцэх хэмжээний газарт дүйцүүлэн ургамал­жуулалт хийх үүргийг гэрээгээр хүлээсэн ч одоогийн байдлаар хөрс хуулалт хийсэн 30 га газрын дөнгөж 13.3 хувь буюу дөрвөн га газарт л ургамалжуулалт хийгдээд байгаа гэх. Энэ мэтээр байгаль орчны нөхөн сэргээлт, дэд бүтэц, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих үүргийн хэрэгжилт ч хангалтгүй байгааг мэргэжлийн хүмүүс онцолжээ.
 
Түүнчлэн өнгөрсөн жил гэрээ байгуулсан газрын тосны “Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан гэрээ гэж байна. “Монголиа гладвилл Увс петролиум” компани гэрээ байгуулах субьектоо сонгохоос эхлээд хууль зөрчиж эхэлсэн энэ гэрээнд олон ноцтой зүйлүүд бий. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар заасан. Гэрээний үндэс болгосон хуулийн заалтаар бол “Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн ЗДТГ-тай бус хайгуул хийсэн сумын ЗДТГ-тай байгуулах ёстой байв.
 
А, Б талуудын эрх үүрэг. Энд товчхондоо зөвхөн компанид л ач холбогдолтой заалтууд оржээ. Аймгийн ЗДТГ нутаг орондоо ашигтай шийдвэрийг гаргуулах, хяналт тавих, ард иргэдээ мэдээллээр хангах ёстой атал компанид найр тавьсан, нэгэнт хуулиар хүлээсэн эрх, үүргийг давхардуулж ёстой л нэг холион бантан болгосон байна. Тодруулбал, компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгаас олгох зөвшөөрлийг цаг хугацаанд нь шийдэж өгөх, Б талын ажилтнуудыг эмнэлгийг үзлэгт хамруулах үүрэгтэй. Мөн компанийн үүргийг өмнөөс нь хүлээсэн заалт ч байна. 
 
Хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлэх ажлын талаар орон нутагт сурталчлах гэж. Нэг ёсондоо Увс аймгийн ЗДТГ-ынхан  “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн менежерийн үүргийг хүлээчихэж. Бас байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн цооногийн хөрсний бохирдлын шинжилгээг аймгийн Цаг уур орчны шинжилгээний лабораториор хийлгэх нөхцлийг аймаг бүрдүүлж өгөх ёстой гэнэ.
 
Газрын тосноос үүдсэн хөрсний бохирдлыг аймгийн нэг лаборатори битгий хэл улсын төв лаборатори бүрэн шинжилж чадахгүй байгааг Тамсагийн ордын жишээ харуулсан билээ. Гэрээн дэх орон нутгийн захиргааны эрх, гэрээний хэрэгжилт, түүнийг хянах тухай бол бүр ярилтгүй. Орон нутагт хэрэгжиж буй захын хоёр гэрээг авч үзэхэд л ийм байна.
 
Дэлхийн аль ч улс орны эдийн засагт уул уурхайн салбар жинтэй байр суурь эзэлж буй өнөө цагт байгалийн баялгийн засаглалыг зөв бүрдүүлэхийн тулд орон нутгийн хөгжлийн гэрээг анхнаас нь зөв, цэгцтэй байгуулахыг гадны судлаачид зөвлөж байна.
 
Орон нутгийн хөгжлийн гэрээ Канадад гэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээн дээр тулгуурлаж хийгддэг бол Африк, Шинэ Гвинейн улсууд компанийн санхүүгийн үүргийг түлхүү оруулдаг жишээ ажиглагдаж байгааг тэд бас онцолж байгаа юм. Харин Монгол Улс эдүгээ хэрэгжүүлж буй орон нутгийн хамтран ажиллах гэрээнд байгаль орчин, санхүү, орон нутгийн хөгжлийн талаарх асуудал тэр бүр цогцоор орж, түүнийгээ хэрэгжүүлэх, хяналт тавих явц нь ч хангалтгүй байна.
 
Нэг ёсондоо орон нутгийн захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч компани аль аль нь гэрээ байгуулах чадавхгүй байгааг гадныхан онцолж байна. Чадавх, мэдлэггүйгээр байгуулсан олон гэрээ орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах уриа лоозон төдий зорилго агуулсан ч хөгжддөггүй, хөдөлдөггүй гэрээнүүд цаас болж үлдсээр байна.
 
Үүнд салбарын яам, холбогдох төрийн байгууллагуудын мэр­гэжилт­нүүдийг мэргэ­шүүлж, чадавхжуулах шаард­лагатайг мэргэж­лийн хүмүүс онцолж байна.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин