sonin.mn
Фидель Кастрогийн хувийн бие хамгаалагчаар 17 жилийн турш зүтгэж, Кубын удирдагчийн хамаг нарийн ширийн нууцыг өвөртлөөд явсан тэрээр жил хагасын өмнө Майамид өөд болсон юм.
 
Тэрээр “Фидель Кастрогийн нууц амьдрал” хэмээх номдоо эрх чөлөөний арлын удирдагч, хувьсгалын лидерийн олон нууцыг дэлгэсэн аж. АНУ-ын хориг арга хэмжээнд орсон Кубын ард түмэн ЗХУ-ын тусламж, картын бараагаар амьдралаа торгоож байхад коммунист лидер хэрхэн тансаглаж байсныг Кубын Дотоод хэргийн яамны дэслэгч хурандаа байсан Хуан Рейнальдо Санчес илчилсэн билээ.

 

 
1977 онд Фидель түүнийг хамгаалалт, аюулгүй байдлынхаа нэгдүгээр цагаригт сонгож авсан юм. Кубын хувьсгалын лидер Каёо Пиедра арлыг хувийн эзэмшил болгож, 20 гаруй эдлэн газар, зуслангийн газар, дарвуулт хөлөг, нууц банкны данс, алтны уурхай, үйлчлэгчид, дүрэмт хувцастай тогооч нар, бүр хувийн хэрэгцээнд зориулсан бяслагны үйлдвэртэй болсон байжээ.
 
Хуулийн мэргэжилтэй, тагнуул, сөрөг тагнуулчаар мэргэшсэн, мэргэн бууч, жүдо, каратегийн хар бүстэй Санчес амьдралынхаа 26 жилийг Фиделийн аюулгүй байдалд зориулж, 17 жилийн турш түүнийг хамгийн ойроос хамгаалж явсан юм. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард өөд болохынхоо өмнө “Түүнд үйлчилж байсан хүмүүст тэр талархалгүй ханддагаас илүүтэй би түүнийг урвасан гэж буруутгана.
 
Тэр олон сая куба иргэний итгэл найдвараас урвасан” гэж хэлсэн удаатай. Экс бие хамгаалагч LaRazon өгсөн нэгэн ярилцлагадаа “Фидель Кастрогийн хувийн нууц амьдралыг үргэлж төрийн нууц гэдэг байсан нь Кубын дарангуйллын нэг түлхүүр. Гэтэл хэзээ ч амралтаа авч байгаагүй цогтой хувьсгалч хэмээн гадаад ертөнцөд сурталддаг байсан. Үнэн хэрэгтээ, тэрээр XVI зууны хаан шиг амьдарч, феодал шиг Куба орныг удирддаг байсан” хэмээн онцолж байв.
 
Санчесийн өгүүлж буйгаар, Фидель Cayo Piedra арал дээрх 20 гаруй эдлэн газартаа ээлжлэн амардаг байжээ. Гэхдээ Пинар дель Рио мужид “La Deseada” буюу “Хүсэмжит” гэсэн нэртэй эдлэн газартай байсан. Хувьсгалын лидер борооны улиралд тэрхүү эдлэн дээр хоёр дахь эхнэр Далиа Сото дель Вальег дагуулан очиж Флоридагаас Кубад нүүж ирдэг нугаснуудыг бууддаг байсан аж.
 
Бусад үед нь Кочинос булангийн ойролцоох Piedra арал дээр цагийг өнгөрөөх дуртай байв. Тэнд амарч байхад нь гурван бээрийн тойрогт хэнийг ч ойртуулдаггүй байсан аж. Энэ диваажинд зуслангийн тансаг харш, зочдын өргөө, цэнгэг устай сан, далайн гахайн үзүүлбэртэй усан сан, яст мэлхий үржүүлгийн газар, нисдэг тэрэг буух боомт, байнгын цэрэг, харуул хамгаалалт, “Aquarama II”, “Pionera I” дарвуулт хөлөг онгоц, нэгэн цагт цуут Габриель Гарсия Маркес, CNN-ийн эзэн Тед Тернер, Америкийн сэтгүүлч Барбара Уолтерс, Францын зартай бизнесмэн Жерар Бург, Колумбын экс Ерөнхийлөгч Алфонсо Лопес, Ардчилсан Германы удирдагч Эрих Хонекер нар зочлон дайлуулж байсан хөвөгч зоогийн газар байсан юм.
 
 
Тэнд зочилж, Фидельд бараалхдаг байсан хүмүүсийн ихэнх нь гадаад хүмүүс байдаг байсан хэмээн экс бие хамгаалагч ярьсан байдаг. Үүнээс гадна тус арал дээр зөвхөн Фиделийн хувийн хэрэгцээнд зориулагдсан бяслаг, тараг, зайрмагийн үйлдвэр байжээ. Фидель улаан мах, гахайн мах огт иддэггүй, зарим үед хонины мах иддэг байсныг найзууд нь дурсан ярьсан байдаг. Цэргийн дүрэмт хувцастай тогооч нар ээлжлэн хоол бэлтгэж, гэргий Далиа нь олон үйлчлэгч бүсгүйчүүдийг удирдан хувсгалын лидерийн ажил, амралтыг зохицуулдаг байсан аж.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин