sonin.mn
Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлгүүд ажиллаж байна. 
 
Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см байна. “Алтайн зам” компани энэ өвөл нийт 300 гаруй тн давс нөөцөлснөөс Барлагийн давааны цасанд боогдсон замыг нээхэд 100 тонн давс хэрэглээд байна. Уг даваагаар Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу хилээр нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд ихээр зорчдог ч их цаснаас шалтгаалан сүүлийн 3-4 хоногт тээвэрлэлт бүрэн зогсчээ.
 
Тус аймгийн ихэнх суманд өнгөрсөн 8 дугаар сард гарсан мал, амьтны гоц халдварт мялзан өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг 11 дүгээр сарын 15-ний өдөр цуцалснаар бусад сумын нутагт оторлож байсан  малчдын нутаг руугаа буцах нүүдэл тасраагүй байна. Цасанд хаагдсан Барлагийн давааг нээснээр Алтай, Булган зэрэг бусад сумдад  отроор өвөлжиж байсан малчид Цэцэг, Мөст сум руу отор нүүдэл хийх, Булган-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон бусад тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж эхэллээ. Ховд аймгийн Булган, Үенч сумд хадлан сайн бэлтгэдэг онцлогтой.
 
Тухайлбал, энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 тн, Алтай сумын малчид 1600 тн байгалийн хадланг тус тус бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт 9 өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал одоогоор хүндрэлтэй бүсэд өвөлжиж байна.
 
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар өнөөдөр (ням гариг) Булган, Үенч, Алтай сумд болон Ховд хотод ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээллээ.