sonin.mn
ГАВАНА. /Globalnews/. Хэдэн арван мянган кубууд болон бүс нутгийн орнуудын удирдагчид Фидель Кастрогийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохоор Гавана хотын Хувьсгалын талбайд цуглажээ. Фидель Кастро төрийн эрхийг авсныхаа дараа энэ талбайд цугласан олонд хандан гал цогтой үг хэлж байсан юм.
 
Мексик, Эквадор, Боливи, Венесуэл, Панам, ӨАБНУ, Зимбабве зэрэг орны Ерөнхийлөгч нар, Карибын тэнгисийн орнуудын удирдагчид энэ арга хэмжээнд оролцохоор Гавана хотод хүрэлцэн ирсэн байна.
 
Фидель Кастрогийн үед Куба улс боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ихэд анхаарал хандуулж, тусгаар тогтнолын төлөөх Африкийн орнуудын тэмцэлд дэмжлэг үзүүлж байсныг ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума онцлон дурдлаа. Мөн тэрбээр “ядуу хүмүүс нэр төртэй амьдрах эрхтэй гэсэн үзэл санааны төлөө тууштай тэмцэгч гэдгээр нь Фидель Кастрог үүрд дурсан санах болно” гэж мэдэгджээ.
 
Кастро болон бусад тэмцэгчдийн хувьсгалын үеийн дүрс бичлэгийг үзүүлж, Кубын төрийн дууллыг эгшиглүүлснээр хувьсгалын их удирдагчийн дурсгалыг хүндэтгэх ёслол эхэлжээ. Үүний дараагаар Кастрогийн дүү, түүнийг залгамжлагч Ерөнхийлөгч Рауль Кастро үг хэллээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг