sonin.mn
ТОКИО. /Reuters/. 2011 онд цунамигийн улмаас Японы "Фүкүшима" атомын цахилгаан станцад /АЦС/ учирсан хохирлыг арилгахад 22.6 их наяд иен /201 тэрбум доллар/ шаардлагатай гэж Японы Засгийн газар тооцоолжээ.
 
Гэр орноосоо дүрвэсэн иргэдэд нөхөн олговор олгох, цацрагийг ариутгах, АЦС-ыг хаах зэрэгт 11 их наяд иен зарцуулна гэж Японы Аж үйлдвэрийн яам 2013 онд тооцоолж байжээ.
 
2011 оны гуравдугаар сард Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами үүссэний улмаас Японы зүүн хойд эргийн нутагт ихээхэн хэмжээний хохирол учирсан билээ. Цунамигийн үеэр Фүкүшимагийн АЦС-ын гурван реактор дэлбэрсэн юм.
Реактор дэлбэрсний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис ойр орчимд тархаж, 160 мянган хүнийгнүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ. Тэдний ихэнх нь буцаж ирээгүй аж.
 
АЦС-ыг хаахад гарах зардал өмнө нь тооцоолж байснаас дөрөв дахин нэмэгдэж, 8.2 их наяд иен буюу 73 тэрбум доллар болж нэмэгдсэн гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны баримт бичигт дурдсан байсныг эх сурвалж уламжлав.
 
Д.Нямтулга
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг