sonin.mn
Украины Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд болох эрэгтэй чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ-д оролцох “Арслан” болон “Харгант-Цамхаг” клубын хамтарсан баг мягмар гарагт хилийн чанадыг зорив.
 
Гурав дахь удаагийн уг тэмцээнийг Украин болон Ираны бөхийн холбоод хамтран зохион байгуулж байна. Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, Турк, Унгар зэрэг орны шилдэг клубүүд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээнийг зохион байгуулагч орнууд тус бүр 2 баг оролцуулна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөхийн 8 жинд баг тус бүр үндсэн 8 бөх байх бөгөөд сэлгээний 4 бөхтэй байж болно. Мөн баг бүрт хоёр хүртэлх тооны гадаадын бөх байж болох юм.
 
Тэмцээний тэргүүн байр эзлэсэн багийг 25, хоёрдугаар байрт 15, гуравт 10 мянга ам.доллараар урамшуулна. Өнгөрсөн жилийн тэмцээнд “Хасу-Мегастарс” клубын баг оролцож 15 багаас ҮIII байранд орж байв.
 
Энэ жил оролцох багийн бүрэлдэхүүнд 57 кг-д З.Занабазар, 61 кг-д С.Билгүүн, 65 кг-д Х.Хишигбат, 70 кг-д Д.Хатанбаатар /бүгд “Арслан” клуб/, 74 кг-д Б.Анхбаяр, 86 кг Т.Мөнгөншагай, 125 кг-д Н.Золбоо /бүгд “Харгант-Цамхаг” клуб/, 97 кг-д Ө.Батзул /“Хангарьд” клуб/ нар оржээ. Дасгалжуулагчаар “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандар, шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү нар тус тус оролцоно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг