sonin.mn
РОМ. /Reuters/. Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Эмма Морано 117 насны төрсөн өдрийнхөө баярыг өчигдөр тэмдэглэжээ.
 
1899 оны 11 дүгээр сарын 29-нд мэндэлсэн Морано гуай Италийн Верчелли хотод хүүхэд насаа өнгөрүүлж, хожим нь тус улсын хойд нутгийн Вербаниа хотод нүүж очсон байна.
 
Гурван зуун дамнан насалж буй энэ эмэгтэй 1800-аад оны үед мэндэлсэн дэлхийн хамгийн сүүлчийн амьд сэрүүн байгаа хүн гэнэ.
Өдөрт гурван өндөг болон нэг удаа цэвэр итали гоймон болон шүүрхий махтай хоол иддэг хоолны дэглэмийг тэрбээр 90 орчим настайгаасаа баримталж эхэлсэн аж. Харин саяхнаас тэрбээр цөөн ширхэг жигнэмэг, хоёр өндөг идэж байгаа гэнэ.
 
Түүний эмч Карло Бава ярихдаа “Морано урт насалж буйн нууц нь гентэй холбоотой. Өөр юу ч биш” гэв. Эмма Мораногийн ээж нь 91 насалсан бол хоёр эгч нь 100 насалсан ажээ.
 
Тэрбээр төрсөн өдрөөрөө хүмүүсээс бэлэг авч, өөрийн дуртай жигнэмгээ идэж, сүү ууж, дараа нь бялууныхаа лааг үлээгээд “би 117 нас хүрч байгаадаа баяртай байна” гэлээ.
 
Эмма Морано бол гурван зуун, дэлхийн хоёр дайн, Италийн 90 гаруй засгийн газрын нүүрийг үзээд байгаа хүн юм.
Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номын албаны хүмүүс түүнийг энэ оны тавдугаар сарын 16-нд “дэлхийн хамгийн өндөр настай хүн” болохыг нь батламжилсан юм.
 
Италид 100-гаас дээш насалсан хүн олон байдаг ажээ. Тэдний ихэнх нь Газар Дундын тэнгисийн Сардиниа аралд амьдардаг байна. Хөгшрөлтийг судалдаг эрдэмтэд Эмма Морано болон 105-аас дээш настай гарын арван хуруунд багтахаар цөөн хүмүүсийн урт насалж байгаагийн нууцыг тайлахаар оролдож байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг