sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчин өнөөдрөөс эхлэн жил тутмын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт хийж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын армийн командлал мэдэгдлээ.
 
Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюулыг сөрөн зогсох чадварыг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд холбоотнууд “Vigilant ACE” агаарын цэргийн хүчний сургуулилтыг хийж байгаа ажээ. Сургуулилт ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл үргэлжилнэ.
 
Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргийн хүчний төлөөлөгчид уг сургуулилттай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Пуужин харвах хөдөлгөөнт төхөөрөмж, радарын системүүд болон цэргийн бусад гол байгууламжуудыг онилон цохилт өгөх сургуулилтыг хийнэ гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн хэллээ.
 
Энэ сургуулилтыг өмнө нь товлосны дагуу хийж байгаа бөгөөд Солонгосын хойгт үүссэн одоогийн нөхцөл байдалтай холбоогүй гэж холбогдох яамны хүмүүс мэдэгджээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг