sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
 
Олон нийтийн телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Х.Чилаажавыг нэр дэвшүүлснийг байнгын хороогоор дэмжив. Дараа нь Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат  танилцуулсан юм. Хууль тогтоолыг хэрэгжүүлэх шалгалтаар МҮОНРТ-д хөдөлмөр, эрүүл ахуй, санхүү, татвар зэрэг цөөнгүй зөрчил илэрсэн талаар ажлын хэсгийн зүгээс мэдээлсэн юм.
 
Тухайлбал, 145.229.175 төгрөгийн үнэ бүхий “Хамтран ажиллах гэрээ” гэх бартерийн гэрээг “Метис Жи Соундс” компанитай шууд хийж лед дэлгэц худалдан авсан ч уг дэлгэц нь техникийн шаардлага хангахгүй, ашиглах боломжгүйгээс болж МҮОНРТ-д 27.098.750 төгрөгийн хохирол учирчээ. Түүнчлэн Event Hall байгуулах зураг төсөв хийх, засвар үйлчилгээ хийх зэрэг хоёр ажиллагаанд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр гүйцэтгэсэн байна. Энэ салбарын  стандарт, норм норматив, тайлан бүртгэлд МХЕГ, Үндэсний аудитын газар, Сангийн яамны төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсээс ажлын хэсэг гарган иж бүрэн нарийвчилсан шалгалт оруулж, дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах нь зүйтэй.
 
Ажлын хэсгийг газар дээр нь очиж ажиллахад МҮОНРТ-ийн ажилчид хоёр хуваагдсан, байгууллагын дотоод маргаан нь нийгмийн анхаарлын төвд орсон, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон байсан. МҮОНРТ-ийн ерөнхий захирал болон захирлуудын зөвлөл нь хамт олныхоо өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуу­лах, удирдлагын зөв оновч­той арга барил, эв нэгдэл, дотоод зохион байгуулалтаар хангах чадамжгүй байгаа нь үүгээрээ МҮОНРТ-ийн тухай хуулийн 30.1-ийн 6.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд МҮОНРТ-ийн хуулийг зөрчсөн зөрчлийг нэн даруй арилгаж, удирдлагын багт хариуцлага тооцож, өдөр тутмын үйл ажил­лагааг хангах чадвар бүхий шинэ баг бүрдүүлж  томилох шаардлагатайг  МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд санал болгож байна.
 
Үндэсний зөвлөл, захирлуудын зөвлөл хамт олонтой хийсэн уулзалтын үеэр 2005 онд батлагдсан Үндэсний радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сайжруулах шаардлагатай арга хэмжээ авч өгөхийг ажлын хэсгээс хүссэн. Ерөнхий захирлын чиг үүрэг хэт нэг талыг барьсан, хариуцлагаас зайлсхийсэн, одоогийн чиг үүрэгт нийцэхгүй байгааг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал гарсан. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж ажлын хэсэг  үзсэн гэв. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тус байгууллагад сэтгүүлчээс “ММ” агентлагийн захирал хүртэл олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд шүүмжлэлтэй хандаж, МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналыг хэлж байв.
 
Тэрээр “Үндэсний зөв­лөлийнхнийг хуралдаанд суулгахаар утсаар залгаж асуусан. Н.Энхмандах дарга боломжгүй гэсэн бол нарийн бичгийн дарга нь өвчтэй, Ц.Оюундарь дарга чөлөө авсан байсан. Тэнд өнөөдөр “эзэнгүй айл” шиг байна. Үндэсний зөвлөл дотоод аудитын шалгалтыг гаргасан. Нийт уран бүтээлчдийн 70-80 хувь нь шаардлага гаргасан байсан.
 
Шалгалтаар хууль зөрчсөн зүйл их гарсан. Энд хүний эрх ноцтой зөрчигдсөн байна. Хоёр ч хүн шүүхэд ханджээ. Буцааж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарсан байна” гэсэн юм. МҮОНРТ олон нийтийн статустай, олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах үүрэгтэй ч сүүлийн жилүүдэд байнга шүүмж­лэл дагуулах болсон. Магадгүй энэ нь хуулиа илүү боловсронгуй болгох шаардлагатай болсны илэрхийлэл хэмээн гишүүдийн зүгээс хэлсэн. Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ямар саналтай байсныг тоймлов.
 
Н.Энхболд:
 
-МҮОНРТ-д эфирийн дэглэм үндсэн­дээ алдагдсан. Аргаа барахдаа ажилчид нь эфир­тээ бараг дайрч ороод мэдэгдэл хийсэн. Энэ бол цочрол үүсгэсэн том үйл явдал болсон.  Тиймээс манай байнгын  хороонд хандсаны үндсэн дээр ажлын хэсэг гарч ажилласан. Миний хувьд МҮОНРТ-ийн тухай хуулийг батлалцаж явсан хүний хувьд тэнд болж байгаа процессыг жижиг гэж бодохгүй байна. Жил гаруйн хугацаанд таван удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байх жишээтэй.
 
Энэ бол ноцтой асуудал. Ажлын хэсэг телевизийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар шинэчлэх ёстой гэж үзсэн юм билээ. Ямар ч байсан эцсийн дүндээ  энэ байгууллагын удирдлагуудыг хуулийн дагуу ажилладаг болгох нь чухал юм. Тэгэхгүй бол Үндэсний  зөвлөл нь удирдлагатайгаа, УИХ нь Үндэсний зөвлөлтэй нь хариуцлага тооцохоос аргагүй байдалд хүрнэ.
 
О.Баасанхүү:
 
-МҮОНРТ-д УИХ-аас томилогдсон зөвлөл гэж бий. Зөвлөл нь ажил­лах­гүй Төрийн байгуу­лалтын байнгын хороо ажил­лаад байгаа юм уу гэдэг ойлгомжгүй бай­на. Зөвлөлөөр нь энэ шал­гал­тыг яагаад хийлгэж  болоогүй юм бэ. Жишээ нь, тооцоо судал­гаа­гүйгээр бүтцийн өөрч­лөлтийг жилд таван удаа хийж байна гэлээ. Ийм өөрчлөлтийг таван удаа хийсэн юм байж хуулийн шалгалт аваад хүнийг тэнцээгүй гэсэн гэдэг нь юу гэж байгаа юм бэ. Үнэ­хээр үйлчилгээний ажилтнуудаас хуулийн болоод бие бялдарын шал­галт авсан гэж байна. Хуулийн тодорхой мэд­лэгийн шалгалт авч бол­доггүй юм уу.
 
Энэ бай­гууллагын дотоод асуудал биз дээ. Төрийн байгуулалтад энэ ямар төвөг удсан гэж үзэж байгаа юм бэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрх гэж бий. Ямар хор хөнөөл учраад байгууллагын дотоод асуудалд байнгын хороо орох болов. Агаарын солилцоогүй хүнд байдалд  ажлын байрны хэвийн нөхцлийг хангаагүй өрөө тасалгаанд олон цагаар ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан нэг хүн ухаан алдсан, гурван хүн зүрх судасны цусан хангамж дутагдалтай болсон.
 
Энэ захиралд ямар хамаатай юм бэ. Нэг салбарт нь байгаад тэнд ухаан алдсан гэсэн эмнэлгийн дүгнэлт байгаа юу. Зүрх судасны өвчний дүгнэлт нь харанхуй эсвэл халуун өрөөнд хүчээр байлгаснаас болсон гэх аймшигтай гэмт хэргийн юм хийжээ. Тэгэхээр яг тэр нөхцлөөс болж ухаан алдсан гэсэн эмнэлгийн дүгнэлт байна уу. Олон удаагийн бүтцийн өөрчлөлт, салбар нэгжийн нүүлгэн шилжилтээс болж  тавилга хэзээ ч засагдахааргүй  эвдэрсэн нь тогтоогдсон уу, нотлох баримт байна уу.
 
Ж.Мөнхбат:
 
-МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх үүрэгтэй байгууллага. Энэ нь удаа дараа зөрчигдөж байна. Үндэсний зөвлөл, гүйцэтгэх захирал хуулиар биелүүлэх үүргээ хан­галтгүй биелүүлж байна. Хоёрдугаарт, энэ байгууллагад хууль зөр­чигдөж байгаа учраас л  үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал алдагдаад байна. Санал гомдол удаа дараа гарсан. Сүүлдээ дотооддоо удирдлага, уран бүтээлчид нь хоёр хуваагдаж нийтийн эрх ашгийн төлөө бодитой зөв мэдээлэл өгдөг, хараат бус байх бодлого нь алдагдаж байна.
 
Иймд байнгын хороо ярьж байгаад ажлын хэсэг гаргасан. Энэ бол ажлын хэсгийн дүгнэлт. Удаа дараа хууль зөрчсөн. Наад зах нь АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөгүй байхад нь яагаад МҮОНРТ-ийн захирлаар томилсон байдаг юм. Энэ мэт хууль зөрчсөн зүйлүүд байгаа. Үүнийг залруулах ёстой. Үндэсний зөвлөл ч гэсэн хуулийн нэлээд хэдэн заалтыг зөрчсөн. Хов жив гэж үзнэ үү, мэдээлэл гэж үзнэ үү, түүнийг ажлын хэсгийн гишүүд танилцуулах байх. Зүгээр нэг телевиз биш шүү дээ.
 
Харин хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг МҮОНРТ-ийн уран бүтээлч, сэтгүүлчид нь тавьж байгаа. Ажлын хэсэг Үндэсний зөвлөл үүргээ биелүүлж байна уу гэдэгт анхаарал тавих ёстой. Үндэсний зөвлөлд бүрэн эрх нь бий. Үндэсний зөвлөл гүйцэтгэх зөв­лөл­дөө хяналт тавих зар­чим алдагджээ гэдэг нь харагдаж байсан. Харил­цан бие биедээ хяналт тавих хуулийн заалт нь алдагдаад байна.
 
Н.Цэрэнбат:
 
-Ажлын хэсгийн дүгнэлт гурван хэсэг дээр хувааж танилцуулсан байгаа. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилт, хоёрдугаарт түр хорооноос хууль зөрчиж байгаа тухай тавьсан асуудал. Хуулийн шалгалт авсан асуудал нь үйлчлэгч,  мужаанаас тийм шалгалт авсан асуудал гарсан. Бие бялдарын шалгалт ч цагаан шугамаар алхуулж авсан гэж ярьж байгаа. Энд хууль зөрчигдсөн. Жижиг өрөөнд олон хүн суулгаж ажиллуулснаас асуудал гарсан.
 
Ц.Мөнх-Оргил:
 
-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж ярьж байна. Ажлын хэсгийнхэнд шалгалт хийх явцад хуулийн энэ заалт болохгүй байгаа учраас үүнийг ингэж өөрчилье гэх зэргээр тодорхой санал, чиглэл байна уу. Эсвэл одоо байгаа хуулиа уландаа гишгээд яваад байгаа учраас асуудал хүндрээд байгаа юм уу. Үүний тодорхой болгох хэрэгтэй.
 
М.Оюунчимэг:
 
-Ерөнхий захирал болон салбар нэгжийн захирлуудыг  томилохдоо  сонгон шалгаруулалт явуулна гэж хуульд байгаа ч Үндэсний зөвлөл нь хуулиа хэрэгжүүлэхээ болиод ерөнхий захирал нь өөрөө журам гаргаж хэрэгжүүлдэг болчихсон. Ингээд салбар нэгжийн захирлуудыг 3-5 удаа  өөрчилсөн байдаг. Хуучин салбар нэгжийн захирлыг томилоход Үндэсний зөвлөлөөр оруулдаг байсан учраас тогтвортой ажилладаг байсан.
 
Тиймээс үүнийг өөрчлөх хэрэгтэй байгаа. Мөн МҮОНРТ-ийн өмчлөлийн асуудал тодорхойгүй байгаа. Олон нийтийн өмч гэсэн атлаа ерөнхий захирал нь газрыг нь барьцаанд тавьчихдаг эсвэл түрээсэлчихдэг. Тиймээс ерөнхий захирал нь сая бас л дур мэдэн өрөөнүүдийг нь худалдаж, хувьчлаад 600-гийн студийг байхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар гурван тэрбумын өрөнд МҮОНРТ-ийг тавьчихаад  байгаа нь хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг харуулж байна.
 
Б.Ундармаа:
 
- Олон нийтийн өмч дээр гүйцэтгэх удирдлага хайхрамжгүй, алдаатай зүйл хийсэн байна. Бүхэл бүтэн нэг корпусынхаа хаалга үүдийг бариад эзэн­гүй­дүүлээд орхисон хэрнээ ямар ч агааржуулалт байх­гүй, цонхгүй жижиг өрөөнд уран бүтээлчдийг  гучин хэдээр нь суулган ажиллуулж байна. Үүний цаана төрийн өмч, олон нийтийн өмч үнэгүйдүүлж, хувьчлах сонирхол, хувьчлалын эрх ашиг явагдаж байж ч болзошгүй  гэж  сэтгүүлч, уран бүтээлчид нь хэлж байсан гэв.
 
Хуралдааны төгсгөлд МҮОНРТ-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэхийг байн­гын хорооны ги­шүүдэд нээлттэй үлдээсэн бол тус байгууллагад аудитын шалгалт оруулахыг олонхийн саналаар дэмжсэн юм.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин