sonin.mn
БНСУ-д болж буй үйл явдлын талаар ОХУ-ын “Эксперт” сонинд ингэж бичжээ.
 
БНСУ-ын парламен­тын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн импич­ментийг авч хэлэлцэхээр болжээ. БНСУ-д  улс төрийн дуулиан бишгүй гардаг ч одоогийнх шиг улс даяар нь донсолгосон ийм үйл явдал болсон нь үгүй.
 
Энэ удаагийн дуулиан төрийн тэргүү­нийг албан ёсоор огц­руу­лах оролдлогод хүр­гээд зогсолгүй Ерөн­хий­лөгчийн рейтингийг урьд өмнө үзэгдээгүй буюу ердөө дөрвөн хувь хүртэл унагахад хүргэжээ. Хэдий тийм ч импичментийн санал хураалт болох нь хараахан тодорхой болоогүй байна.
 
Пак Гын Хэ сайн дураараа огцрохоос тат­галз­саар байгаа тул тус улсын анхны даашинзтай Ерөнхийлөгчийг эсэргүү­цэг­чид импичмент явуу­­лах процедурыг эхлүүл­сэн бөгөөд БНСУ-ын парламент энэ чухал асууд­лыг арванхоёрдугаар сарын 2-нд хэлэлцэх юм. 
 
Пак Гын Хэг сүүлийн дөчин жилийн турш үерхсэн дотны найз эмэгтэй Чой Сун Силийн үйлдсэн гэмт хэргүүдэд ха­маатуулж байгаа билээ. Чой Сун Силээс гадна Ерөнхийлөгчийн тус­лахаар ажиллаж байсан хоёр хүнийг хээл хахууль, залилан, эрх мэдлээ ур­вуу­гаар ашиглан төрийн түвшний чухал шийд­вэр гаргахад хууль бусаар нөлөөлсөн зэрэг хэд хэдэн хэрэгт албан ёсоор буруутгаад бай­гаа юм. Үүнээс гадна Ерөн­хийлөгчийн нарийн бичгийн дарга бай­сан эмэгтэйг төрийн нууц задруулсан хэрэгт буруутгажээ.
 
Пак Гын Хэг огц­рохыг шаардсан олон зуун мянган хүний эсэр­гүүцлийн жагсаал  тас­ралт­гүй сар гаруй үргэл­жилж буй  Өмнөд Солонгост нийгмийн тэсрэлт нүүрлэжээ..
 
“Realmeter” байгуул­лагын санал асуулгаас харахад, тус улсын ир­гэдийн 86 хувь нь Ерөн­хийлөгчийн үйл ажил­ла­гаанд дургүйцэж бай­гаа аж. Тэгвэл Гэллапын институтын судал­гаа­гаар энэ тоо бүр ч их, 93 хувь гэж гарчээ.  Хэв­лэл мэдээллийн хэрэгс­лүүдийн дийлэнх нь импичментийг дэмжигч­дийн талд орсон байна.  
 
Хэдий тийм ч Ерөн­хийлөгч Пак Гын Хэ сайн дураар огцрохыг хүсэх­гүй байгаа юм. Тэрээр байцаалт өгөхөөс татгалз­сан төдийгүй дуулиант хэргийг шалгах тусгай прокурорыг томилжээ. Тэрээр хоёр удаа нийтийн өмнө уучлал гуйж, арван ахлах туслах, Ерөнхий сайд, Сангийн сайдыг халсан нь хангалттай гэж үзсэн бололтой.
 
БНСУ-ын Үндсэн хуу­лийн 65 дугаар зүй­лийн дагуу тус улсын парламент буюу Үндэсний ассамблей Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх явцдаа Үндсэн хуулийг зөрч­сөн тохиолдолд импичментийн процедурыг эхлүүлдэг бай­на. Эхлээд төрийн тэргүүнийг огцруу­лах өргөх бичигт парламен­тын гишүүдийн дор хаяж гуравны нэг нь гарын үсэг зурах ёстой. Улмаар импичментийн техникийн процедурыг эхлүүлэхийн тулд парла­мен­тын энгийн олонхийн (51 хувь) санал хангалттай юм байна. Эцэст нь пар­ла­ментын санал хураалт болж, гишүүдийн дор хаяж гуравны хоёрын  (66.7) саналаар Ерөн­хий­­лөгчийг огцруулах шийд­вэр гаргадаг аж. Ерөнхийлөгч албан ёсоор ог­цорсны маргаашнаас түү­нийг эрүүгийн хариуц­лагад татаж болдог ажээ.   
 
Парламентийн гишүүд импичментийн асуудлыг яагаад ийн удаасан гэх асуултад эн­гийн хариулт бий. Энэ процедур дэндүү их цаг авдаг байна. Энд тэмдэглэхэд, Пак Гын Хэ 2018 оны хоёрдугаар сард тэртээ тэргүй Ерөнхийлөгчийн албан тушаалаас буух юм. Учир нь тус улсын Ерөнхийлөгчийн сон­гууль ирэх оны арван­хоёр­дугаар сард төлөвлөгдсөн бөгөөд Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч улиран сонгогддоггүй ажээ. 
 
Пак Гын Хэгийн рей­тинг хэдийгээр навс унасан ч түүнийг огц­руул­на гэдэг амаргүй. Импичментийн процедурыг эхлүүлэхийг анхлан санаачлагч сөрөг хүчний Ардчилсан нам Үндэсний ассамблейд 121 гишүүнтэй бөгөөд энэ саналыг дэмжиж буй Ардын нам парламентад 38 суудалтай. Сөрөг хүчний Шударга ёсны намын гишүүдтэй ний­лээд Ерөнхийлөгчийн импичментийг дэмжиг­чид 165 хүрнэ. Өөрөөр хэлбэл Пак Гын Хэг эсэргүүцэгчид 50 хувийн босгыг түвэггүй давна гэсэн үг. Импичментийг түүнчлэн бие даагч зур­гаан гишүүн дэмжиж байгаа. Тэднийг нэмбэл Ерөн­хийлөгчийг огцруулахыг дэмжигч гишүүдийн тоо 171-д хүрнэ. Гэвч Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр импичментээр огцруула­хад 200-аас доошгүй са­нал хэрэгтэй. Тэгэхээр импичментийг дэмжиг­чид эрх баригч Сэнури намын 30-аас доошгүй гишүүнийг өөрийн талд заавал “урвуулах” шаардлагатай.   
 
Иймд 64 настай Пак Гын Хэгийн улс төрийн хувь заяаг намынх нь нөхөд шийдэх нь. Хэрэв импичментийг дэмжиж буй Сэнури намын дарга асан Ким Му Сунтэй тус намын 28 хууль тогтоогч нэгдвэл Солонгосын хойгийн өмнөд хэсэгт төрийн эрх мэдэл шил­­жин солигдоно. Сэнури намын ахмад гишүүдийн шүүмжлэлт мэдэгдлүүдээс харахад импичмент боломжтой мэт.
 
Парламентын са­нал хураалтаар Ерөн­хий­лөгчийг огцруулах шийд­­вэр гарвал тус хэрэг Үндсэн хуулийн шүүхэд шилжиж, төрийн тэргүүний үүрэгт ажлыг Ерөнхий сайд хавсран гүйцэтгэж эхэлдэг бай­на. Шилжилтийн үе зур­гаан сар хүртэл сун­жирч болзошгүй. Учир нь Ерөнхийлөгчийг огцруулах эцсийн шийдвэр гарахад Үндсэн хуулийн шүүхийн есөн гишүүний зургаа нь дэм­жих учиртай аж. Гэтэл тус шүүхийн чухам зургаан гишүүнийг тус улсын өмнөх Ерөнхийлөгчид болон Пак Гын Хэгийн намынхан томилжээ. Тийм болохоор шүүгчид импичментийн эсрэг санал өгөх магадлал өндөр байгаа юм. 
 
БНСУ-д урьд нь нэг удаа Ерөнхийлөгчөө импичментээр огцруулах үйл явдал болжээ. 2004 онд Үндэсний ассамблей тухайн үеийн Ерөнхийлөгч Но Му Хёнийг огцруулахаар шийд­вэрлэсэн ч үүнээс хоёр сарын дараа Үндсэн хуулийн шүүх тэрхүү шийдвэрийг цуцалсан аж. Шүүгчид Но Му Хёний хууль зөрчсөн үйлдэл огцруулах хэм­жээ­ний ноцтой байгаагүй гэж үзжээ. Тус улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч улс төрийн хувьд төвийг сахих ёс­той ч Но Му Хён парла­мен­тын сонгуулийн үеэр эрх баригч намаа сур­тал­чилснаар буруудаж байжээ.
 
Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн импич­мен­тийн үйл явцыг түр­гэсгэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэд Бразилийн Ерөнхий­лөг­чийн импичмент бүтэн жил сунжрахад улс орных нь эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн гашуун туршлага буйг анхааруулах болжээ.
 
Өмнөд Солонгост болж буй дуулиант хэрэг эдийн засагт нь хэдийн муугаар нөлөөлж эхэлсэн аж. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт прокурорын ажилтнууд аварга том “Самсунг” корпорацийн төв байранд гурван ч удаа нэгжлэг хийн үйл ажиллагааг нь тасалдуулжээ.
 
Б.Түшиг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин