sonin.mn
Өнөөдөр тохиож буй ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах хандуулах дэлхийн өдрийг  “Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
2015 оны байдлаар дэлхий дээр36.7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна. 2.1 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авч, 17 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд хамарч,1.1 сая  хүн ДОХ-ын улмаас нас барсан байна.
 
Манай улсын хувьд  ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байгаа бөгөөд ДЭМБ-ын ангиллаар  халдварын тархалт багатай орон гэж үнэлэгддэг. Энэ нь бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн юм.  
 
ХДХВ-ын халдварын байдлыг авч үзвэл өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэнээс 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан байна.
 
2014 оноос эхлэн ХДХВ-ын эсрэг эмчилгээг бүх халдвартай иргэдэд эмчилгээг улсын зардлаар бүрэн санхүүжүүлж, одоогийн байдлаар ХДХВ-ын халдвартай амьдарч буй нийт хүмүүсийн 85 хувийг вирусын эсрэг эмчилгээнд хамруулаад байна. Энэ нь олон улсын түвшинд үнэлэгдэхүйц үзүүлэлт юм.
 
Дэлхий нийтээрээ жил бүрийн ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах энэ өдрийг угтаж, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад мэдээлэл түгээх, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжих, дуу хоолойг нийтэд хүргэх ажлыг хийж байна.
 
ХӨСҮТ-д байрладаг “Улаан тууз” эмнэлэг Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн БЗДХ-ын кабинетууд хоёр өдрийн турш уртасгасан цагаар ажиллаж, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг