sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын өмнөд нутгийн Теннесси муж улсад гарсан ой хээрийн түймрийн улмаас долоон хүн амиа алдсан байна.
 
Тус муж улсын Гатлинбург болон Пигеон Форге хотууд хамгийн ихээр хохирол амсчээ. Дээрх хотуудад 40 гаруй хүн галд өртөн гэмтсэн бол хэдэн зуун байшин шатсан байна.
 
Гал түймрийн 10 орчим хувийг унтраагаад байгаа боловч түймрийн хамрах хүрээ тэлсээр байна гэж эрх баригчид мэдэгдлээ. Ийм учраас 14 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, бүх дунд сургуулиудыг хаасан байна.
 
Нутгийн зарим хэсэгт түймрийг унтраасан хэдий ч гал сөнөөгчид өөр асуудалтай тулгарлаа гэж Гатлинбург хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Грег Миллер мэдэгдлээ.
 
Түүний ярьснаар, модны навчис, үндэс хуйхлагдан шатсаны улмаас шавар, чулуу нурах тохиолдол гарч байгаа нь гал сөнөөгчдийн ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа ажээ.
 
Цагдаа нар лхагва гарагт гурван хүний цогцсыг олсноор амиа алдсан хүмүүсийн тоо 7 болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг