sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
 
Нийгмийн даатгалын тухай хуульд УИХ-аас Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг /НДҮЗ/ байгуулж ажиллуулахаар тусгасан. Мөн уг зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор хуульчилсан юм.
 
НДҮЗ нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг.
 
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хамгийн сүүлд 2012 оны 10 дугаар сарын 24-нд УИХ-ын 50 дугаар тогтоол гарган баталсан. Засгийн газрыг төлөөлж уг зөвлөлд Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багтдаг бөгөөд даатгуулагч, ажил олгогчоос бусад төлөөлөгчид нь бүрдүүлдэг.
 
Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн  байгуулагдсантай холбогдуулан НДҮЗ-ийн Засгийн газрын төлөөлсөн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг өөрчлөх шаардлагатай болсон байна. Тодруулбал “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын” гэснийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын” гэж, “Хууль зүйн” гэснийг “Хууль зүй, дотоод хэргийн” гэж тус тус өөрчлөхөөр, мөн тогтоолыг дагаж мөрдөх хугацааг өөрчилөхөөр өргөн бариад байна.  
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын С.Чинзориг “НДҮЗ орон тооны бус зөвлөл учир Засгийн газраас чадавхжуулах чиглэлээр ямар ажил хийх болон НДҮЗ-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ахалж байгаа нь зөв эсэх талаар байр сууриа илэрхийлэв. ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр “Ирэх онд Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д оруулж ирнэ. Үүнтэй уялдаад бүтэц, өөрчлөлтийн асуудал яригдах тул миний бие НДҮЗ-ийг удирдаж байх нь ач холбогдолтой” гэсэн юм.
 
Мөн энэ удаад НДҮЗ-д төлөөллөө оролцуулахаар Ахмадын холбоо, МҮХАҮТ , Монголын даатгуулагчдын холбоо болон хоёр ч компани саналаа өгсөн байна. Зөвлөлийн бүрэдлэхүүний сонгон шалгаруулалтыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос зарласан аж.
 
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг