sonin.mn
НҮБ. /VOA/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр ДОХ-ын тархалттай тэмцэх олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ, ДОХ-ын халдвартай тэмцэхэд нь эмзэг бүлгийн хүмүүст туслахыг уриаллаа.
 
Тэрбээр Олон улсын ДОХ-тай тэмцэх өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ “эдгээр хүмүүст ДОХ-ын талаар мэдлэг ойлголтыг өгөх нь ДОХ-ын тархалтыг зогсооход тус дэм болно. Хүний амь насыг хамгаалах хэрэгтэй. Хүүхэд бүрт асаргаа, хүн бүрт эмчилгээ, эмзэг бүлгийн хүн бүрийг доромжлол, хүчирхийллээс хамгаалах ёстой учраас бид ДОХ-тай тэмцэх учиртай.
 
Үзэн ядалт, мухар сохор шүтлэг нь өвчнийг  улам тархаадаг бөгөөд үүнийг чимээгүй хараад суух нь үхлийг дуудахтай адил юм” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр “халдвар авсан эхээс хүүхдэд дамжих тохиолдол олон гарч байна” гэдгийг дурдаад, эм тарианы тусламж авах хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх үүднээс хамтарсан арга хэмжээ авахыг уриалсан байна.
 
"Үүний зэрэгцээ бид Африкийн Сахарын залуу эмэгтэйчүүд зэрэг хамгийн эмзэг бүлгийн хүмүүст хүрч ажиллах хэрэгтэй. Тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ, асаргаа хэрэгтэй байна. 2030 он гэхэд ДОХ/ХДХВ-ын халдварыг зогсоож, халдварын улмаас нас барах явдлыг зогсоох, ХДХВ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна" гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдлээ.
 
1988 оны 12 сарын 1-нээс эхлэн жил бүр ДОХ-тай тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэж байгаа билээ. Энэ өдөр бол ХДХВ-ийн халдварын улмаас нас барсан хүмүүсийг эмгэнэн дурсах, ДОХ-ын талаарх мэдлэг олгох зорилго бүхий олон улсын арга хэмжээ болдог өдөр юм.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг