sonin.mn
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
ОХУ маршалынхаа мэндэлсний түүхт ойг өнгөрсөн сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр түүний баатарлаг гавьяа, үйлсийг дурсан санаж бахархаж байна.
 
Манай улсын хувьд Г.К.Жуковын мэндэлсний ойг 2016 оны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, түүний үйлсийг олон нийтэд сурталчлах зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулсан. Өнөөдөр  БХЯ, ЗХЖШ, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Беларусь улсын Элчин сайдын яам болон бусад албаныхан, иргэд, сурагчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной болон БНХАУ, БНСУ, БНТУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар, манай улсад ажиллаж амьдарч буй орос иргэд, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчид оролцож цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж  “БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиолоо. Ойг тохиолдуулан манай улс тэр дундаа Батлан хамгаалах салбарынхан олон арга хэмжээг зохиож, түүний баатарлаг үйлсийг залуу хойчдоо сурталчлан таниуллаа.
 
 Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Г.К.Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй. Түүхт ой тохиож буй энэ цаг хугацаанд ОХУ-д хоёр улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хуралдаан амжилттай болж байгаад баяртай байна. Хуралдаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд маш өндөр ахиц авчирч байгаад салбарынхан бид талархаж буй илэрхийлье” гэсэн юм.
 
ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Г.М.Сулимук “Монголчууд Г.К.Жуковын ойг тэмдэглэж байгаад баяртай байна. Олон арга хэмжээг зохион байгуулснаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд түүний тухай судлуулах, үйлсийг нь мэдрүүлэх зорилготой эссэ бичлэгийн уралдаан, гар зургийг уралдаан зохиосон нь сайшаалтай. Энэ завшааныг ашиглаад маршалыг минь санан дурссан монголчууддаа тэр дундаа батлан хамгаалах салбарынхандаа баярлалаа” гэв.
 
Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа түүний музейд саатаж, түүний хэрэглэж байсан түүхэн үзвэрүүд, баримт бичгүүдтэй танилцаж, “Дайны хор уршиг” уран зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн  сурагчдын шагналыг гардуулж өгсөн юм.  Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас Г.К.Жуковын дурсгалын музейн үзүүллэгт бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийсэн нь талархмаар байлаа. Музейд  “Бидний бахархалт түүхэн баатар” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, “Дайны хор уршиг” гар зургийн уралдаан, “Монголоос тодорсон маршал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын зарим бүтээлээс толилуулав. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон  14 судлаачийн илтгэлийг монгол, орос хоёр хэлнээ хэлэлцүүлсэн нь онцлог болжээ.
 
Маршалыг дурсах ойн хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохиосон, “Г.К.Жуков-түүхэн баатар” сэдэвт богино хэмжээний баримтат киног “Одон орон геофизикийн хүрээлэн”-гийн уран бүтээлчид олны хүртээл болгосон " гэдгийг Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч-тайлбарлагч, хошууч Д.Амартайван онцоллоо.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг