sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Монгол Улс 1980 онд хүчин төгөлдөр болсон Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц (цаашид “Венийн конвенц” гэх)-д 1988 онд нэгдэн орж, улмаар тус конвенцид тулгуурлан БНМАУ-ын Олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 95 дугаар зарлигаар баталсан байдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлт оруулсан.
 
Эдгээр болон өмнө нь үйлчилж байсан хууль тогтоомжуудын зохицуулалтын хүрээнд Монгол Улс өнөөг хүртэлх хугацаанд нийт 290 олон талт олон улсын гэрээнд нэгдэн орж, бусад улстай нийт 1500 гаруй хоёр талт олон улсын гэрээ байгуулсан байна.  Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлэхийн хамт олон талт гэрээнд нэгдэн орох, хоёр талт гэрээ байгуулах хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал Монгол Улс сүүлийн 10 жилд нийт 64 олон талт гэрээнд нэгдэн орсон. Гадаад бодлого, харилцааны бодит илрэл, үр дүн болсон олон улсын гэрээ байгуулах идэвхтэй, процедурын харилцааг зохицуулж буй Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагын улмаас хуулийн төслийг боловсруулжээ.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль батлагдсанаар өмнөх гэрээ хэлэлцээрүүдийг эргэж харах уу гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Хууль батлагдсанаар өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг эргэж харах тухай асуудал байхгүй. Өнөөдөр гадны улс орнуудтай байгуулсан хэдэн зуун гэрээ хэлэлцээр байгаа. Цаашид энэ хуулийн дагуу олон улсын гэрээ хэлэлцээрийг байгуулдаг болно" гэсэн тайлбарыг хийв.
 
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувь нь дэмжлээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг