sonin.mn
ПХЕНЬЯН./KCNA/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ БНАСАУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авсныг Пхеньян буруушаагаад “НҮБ-ын хориг нь манай улс өөрийгөө хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүдээ улам чангатгахад хүргэнэ” гэв.
 
Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан АЗ лхагва гарагт БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг баталсан юм.
 
Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улсууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. Мөн мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг тус улсаас импортлохыг хориглосон юм.
 
Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “АЗ бидний өөрийгөө хамгаалах эрхийг үгүйсгэж, манай улсын бүрэн эрхт байдалд халдаж байна” гэжээ.
 
Мөн тус яамны мэдэгдэлд “хориг арга хэмжээ авснаар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзахад хүргэнэ гэж бодож байгаа бол энэ нь эндүүрэл” гэсэн байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг