sonin.mn
МОСКВА./TASS/. Ирэх оны 2 дугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны фьючерс гэрээний үнэ Лондонгийн ICE биржийн арилжааны явцад 4,18 хувиар өсч, 54,1 долл/баррель болсон байна.
 
Брент маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сард 54 доллароос дээш түвшинд хүрч байсан юм.
 
Үнэ өсч байгаагийн гол шалтгаан нь ОПЕК-ийн гишүүн орнууд өдөрт олборлож буй нефтийн хэмжээг 32,5 сая баррель болгон бууруулах шийдвэр гаргасантай холбоотой. Тодруулбал, ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эдгээр орнууд өдөрт олборлож буй нефтийнхээ хэмжээг 1,164 сая баррелиар багасгахаар тохиролцсон юм.
Одоо тус байгууллагын /ОПЕК/ гишүүн бус орнууд, ялангуяа Орос улстай олборлолтыг бууруулах тохиролцоонд хүрэх нь чухал болжээ.
 
Гишүүн бус орнуудын хувьд өдөрт  олборлож буй нефтийнхээ хэмжээг 600 мянган баррелиар бууруулах тухай тохиролцоог ОПЕК тухайн орнуудтай хийх гэж байгаа юм. Гишүүн бус ОХУ-ын хувьд олборлолтоо өдөрт 300 мянган баррелиар багасгах үүрэг хүлээх бололтой.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг