sonin.mn
НҮБ. /Reuters/. Энхийг сахиулагчид Гаити улсад булчин задрах тахлыг /холер өвчин/ тараасантай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус улсын ард түмнээс анх удаагаа уучлалт гуйлаа.
 
Холер өвчнөөс ангид байсан Гаити улсад 2010 онд Балбын энхийг сахиулагчид уг өвчнийг тараасан гэж үздэг.Тэр үеэс хойш тус улсад нянгийн гаралтай энэ өвчнөөр 10 мянга орчим хүн амиа насаа алдаад байна.
 
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хэлэхдээ “Карибын тэнгисийн бүс нутагт орших Гаити улсад холер өвчин дэгдсэнд бус харин энэ өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг НҮБ авч чадаагүйд харамсч байна” гээд “НҮБ-ын нэрийн өмнөөс би Гаитигийн ард түмнээс уучлалт гуйж байна” гэжээ.
 
2010 онд Гаити улс хүчтэй газар хөдлөлтөнд нэрвэгдээд байх үед тус улсад байрлаж байсан НҮБ-ын энхийг сахиулах хүчний баазад бохир усны хоолой задарсны улмаас булчин задрах тахал дэгджээ.
 
Тус улсад холер өвчин тархсанд манай байгууллага ямар ч холбоогүй гэж НҮБ мэдэгдсээр ирсэн боловч “тодорхой хэмжээгээр холбоотой” болохоо энэ оны наймдугаар сард хүлээн зөвшөөрсөн билээ.
 
Гэхдээ НҮБ хуулийн хариуцлага хүлээж, хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохгүй аж. Учир нь тус байгууллага дипломат халдашгүй дархан эрхээр хамгаалагдсан байдаг тул хохирогчдын гэр бүлийнхнээс гаргасан аливаа гомдол нэхэмжлэл нь тус байгууллагад хамаарахгүй юм.
 
Булчин задрах тахал бол усаар дамждаг халдварт өвчин бөгөөд уг өвчний халдвар авсан тохиолдолд суулгаж, шингэний дутагдалд орж, улмаар амь насаа алддаг байна. Зарим тохиолдолд энэ өвчин нь хэдхэн цагийн дотор хүний аминд хүрдэг.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг