Монгол улсын төсөвт сүүлийн 20 жил улс төр хүчтэй нөлөөлж ирлээ. УИХ-д нэр дэвшигчид болон улс төрийн хүчнүүд иргэдийн саналыг өөртөө татахын тулд нийгмийн хамгаалал, татвар зэрэгт илүүтэй амлалт өгдөг.
Харин гарч ирсэнийхээ дараа засаг байгуулангуутаа амлалтаа хэрэгжүүлэхийн тулд орлогоосоо давсан зардалтай төсөв баталж ирсэн. Нэмэгдсэн зардлаа нөхөхийн тулд гаднаас үлэмж хэмжээний зээл авах, төсвийн орлого бүрдүүлэгч уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр тооцож ирсэн байна. Ийм учраас зарим жил УИХ төсөвтөө 4-5 удаа тодотгол хийж байсан билээ. Энэ нь манай улсад уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралтын давтамжийн тодорхой судалгаа байхгүйгтэй холбоотой юм биш үү.
Экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээнээсээ хамааран тодорхой хугацааны давтамжтай өсч буурдаг. Ийм учраас зэс нүүрсний үнийн хүчин зүйлийн нөлөөлөл Монгол улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг. Энэ хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл өнгөрсөн 4-5 жилд тохиолоо. Тэгвэл ирэх 4-5 жилд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Төсөвт өөр хэд хэдэн хүчин зүйл байнга нөлөөлдөг.
Тухайлбал хууль эрх зүйн орчин, эрх барих улс төрийн хүчнүүдийн тогтворгүй байдал, урт хугацааны бодлогогүй байдал гэх мэт. Тэдгээрээс онцлон хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалтад сэтгэлийн хөөрлөөр хандан бодлогын алдаа гаргаж ирснээр орж ирсэн буюу орж ирэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг зогсоосон нь улс орны эдийн засагт муугаар нөлөөлсөөр байна.
УИХ-ын 2016 оны сонгуулиар төрийн эрх барих, улс төрийн хүчин өөрчлөгдлөө. Өөрчлөгдөн гарч ирсэн улс төрийн хүчинд төсөв бүрдүүлэгч уул уурхайн түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх таатай орчин бий болох бололтой. Тэд нийгмийн хамгааллын болон төрийн бүтэц зарим урсгал зардлыг танаж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх орчин сайжруулах чиглэлийн бодлого боловсруулан анхны төсвөө батлууллаа.
Ер нь мэргэжлийн яам, Засгийн газрын зохиосон төсвийн төслийг УИХ-ын гишүүд батлах явцдаа өөр өөрийн тойрогт ахиухан төсөв авах субьектив хандлагаас болж орлогоосоо давсан зарлагатай төсөв буюу ямар ч боломжгүй төсөв баталж байсныг энэ удаа засах гэж эрх баригчид оролдов бололтой.
Монгол улсын 2017 оны төсөв 2,5 их наядын алдагдалтай батлагдсан нь өнгөрсөн оны төсвийн алдагдлаас хоёр их наядаар бага байна. Төсөвт зэс нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тооцох гэж оролдлоо. Гэхдээ 2017 онд дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн дундаж үнэ ямар байх вэ, гэдэг дээр биш, төсөв батлагдах үеийн ханшаар тооцсон гэж хэлж болно. Тухайлбал төсөв батлагдах үед буюу 10 дугаар сард дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 50 орчим ам.доллар, зэсийн үнэ 4800 орчим ам. доллар байсан. Үүндээр тулгуурлан зэс нүүрсний үнийг улсын төсөвт тусгалаа. Улсын 2017 оны төсөв батлагдсаны дараа дээрх хоёр бүтээгдэхүүний үнэ өсч эхэллээ. Цаашдаа ч өсөхөөр байгааг эдийн засагчид хэлж байна. Зэс нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхөөр байгаа нь Монгол улсын эдийн засаг, төсвийн алдагдалд 2017 онд сайнаар нөлөөлөх болов уу.
Нүүрсний үнэ тонн тутамдаа 10, зэсийн үнэ 300 ам. доллараар тус тус өсөхөд төсвийн алдагдал 1,8 их наяд төгрөгөөр буурах боломж байгаа гэж шинжээчид ярьж байна.Энэ бол төсвийн алдагдлын гуравны хоёрыг хаах боломж гаргаж өгнө. Дэлхийн зах зээлийн таатай нөхцөл биднээс төлөвлөгдсөн нүүрс зэсээ олборлож, боловсруулалт хийхийг шаардна. Төсвийн алдагдлын үлдэж буй 0,7 их наяд төгрөгийг махны экспортыг зөв оновчтой болгож хяналтаа сайжруулах, төсвийн зарим үр ашиггүй урсгал зардал багасгах замаар нөхөх боломж бий.
Зэс нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөх магадлал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн бодлогоо богино хугацаанд тодорхой болгох нь чухал. Үүнээс дутахгүй яг одоо эрх баригчид барьж аваад зайлшгүй хийх шаардлагатай нэг зүйл бол эрх зүйн орчноо таатай болгох явдал юм. Ингэж чадах аваас цөөн хүн амтай, хэрэглээ багатай, ард түмэнтэй монголын жижиг эдийн засаг богино хугацаанд сэргэнэ. Улс төрчид сэтгэл гаргаж эрх ашгаа зөв эрэмбэлвэл Монголын эдийн засаг нэг их хямраад байх зүйл гарахгүй.
Монгол улс 2016 онд 19 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Гэвч үнэ дэлхийн зах зээл дээр доогуур байсан учир үр дүн их доогуур байлаа. Дэлхийн зах зээл дээр үнэ өсч буй 2017 онд 23,5 сая тонн нүүрс манайх экспортолно. Оюу Толгой, Эрдэнэтийн гаргаж байгаа зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсөх магадлалтай байгаа зэрэг нь 2017 онд төлөх боондын хүүний төлбөрт сайнаар нөлөөлнө гэх найдлага байна..
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Манай улсын эдийн засгийг одоогоор уул уурхайн салбар бараг дангаараа үүрч явна. Гэвч гол тулгуур болсон энэ салбарын голлох үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд борлуулсаар, дундаас нь зуучлагч компаниуд ашиг хүртсээр. "WoodMac"-ийн судалгаагаар нүүрсний үнэ ирэх онд ч мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагч болон нийлүүлэгчдийн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний үнийн уналт зогсож, эргэн сэргэх болсон нь гарцаагүй таатай мэдээ. Гэхдээ Монгол улсын хувьд нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээрх түвшинд хүргэж чадаагүй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээл дээр нүүрс 250 ам доллараар үнэлэгдэж буй өнөө үед Монголын нүүрс экспортлогч компаниудын аль нь ч дээрх үнэд хүрэхгүй хэвээр байна. Тухайлбал, нүүрс экспортлогч гурван гол компанийн нэг болох төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн хувьд нэг тонн нүүрсийг ердөө 33 ам доллараар үнэлэн худалдаалж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн 1/4 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ одоо хэр нь бодит өртгөөр нь худалдаж чадахгүй байна. Сайн мэдээ нь Монгол улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Эрдэнэс Таван толгой компанийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний дүнд ирэх сард нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлаас 85 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Харин Энержи Ресурс компанийн хувьд нүүрс харьцангуй өндөр үнэтэй худалдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нүүрсний хилийн үнэ 85 ам доллараар үнэлэгдэж байсан бол энэ сард 107 орчим ам доллар болж өсгөхөөр зорьж буйгаа компанийн зүгээс мэдэгдээд байна. Дээрх хоёр компанийн нүүрсний үнэ харьцангуй зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь нэг нь нүүрс угаах баяжмалын үйлдвэртэй бол нөгөө нь уурхайн аман дээрээсээ шууд худалдаа хийдэгтэй холбоотой. Тухайлбал, Энержи ресурс компани нүүрсээ угааж гаргаснаар нүүрсний үнийг харьцангуй өндөр байлгаж чадаж байгаа бол уурхайн аман дээрээс шууд худалдаалагддаг нүүрс маш хямд экспортлогдож, зуучлалын компаниар дамжин хэд дахин өндөр үнээр зах зээлд борлуулагддаг ч, зөрүү ашиг нь Монголын хилээс гадна үлдэж байна. Ийм л учраас өнөөг хэр нь Монголын нүүрс дэлхийн зах зээлд хангалттай үнэ хүрэхгүй хэвээр, Монголчууд бодит ашиг хүртэж чаддаггүй уламжлал тогтсон хэвээр. Монгол улс гадагшаа гаргадаг цөөн хэдэн экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хагас дутуу болгоод гаргадаг жишээ олон. Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулралыг өнөө маргаашаа аргацаасан зээл, тусламж бус, угтаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр дарах нь хамгийн зөв шийдэл болохыг цөөнгүй судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч Төрийн эрх барих байгууллагын өмнө даанч хэзээ ч бодитоор яригдаж, яригдсан нь хэрэгжиж байсангүй. Дээрээс нь өмнөх Засгийн газрын ачаар томоохон хөрөнгө оруулагчдаа үргээн явуулснаар хөрөнгө оруулалт буурч, орох валют огцом багассаныг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүхий эдээ үнэ хүргэж чадахгүй байгаа нь зөвхөн нүүрсэн дээр бус, экспортоор гаргадаг бусад бүх л салбарын түүхий эд дээр ажиглагддаг гол алдаа. Түүхий эдээ экспортлохдоо боловсруулж, стандартад нийцүүлэн гаргавал дэлхийн жишиг үнэд хүргэх боломж бий. Энэ нь зөвхөн нүүрс болон бусад түүхий эдийг баяжуулах, боловсруулах тухай хэрэг биш. Угтаа Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралын хамгийн гол гарц. Учир нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр манай улсад орох валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр долларын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар гадаад валютын ханш тогтвортой байх боломж бий. Нөгөөтэйгүүр орох валют нэмэгдсэнээр нөөц мөнгө нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарах дүр зураг харагдана. Гэвч манайд эсрэгээрээ, үндэсний үйлдвэрлэл гэх зүйл тун ховор. Байсан ч хэрэглэгчдэд хүрэх нь цөөн. Өдөр тутамдаа зарцуулж буй бидний мөнгө ихэнхи нь гадагшаа урссаар, гарах валютыг нэмэгдүүлж, долларын эрэлтийг үүсгэж, дотоодын мөнгөн тэмдэгтээ үнэ цэнэгүй болгож байна. Монголбанкны мэдээлснээр Монгол улс 2015 онд тоног төхөөрөмжийн импортонд 749 сая ам доллар, аялал жуучлалтай холбоотой импортонд 250 сая ам доллар зарцуулж байсан бол зэсийн баяжмал гадагшаа гаргаснаар 280 сая америк доллар оруулж иржээ. 2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол улс дахь валютын орох гарах урсгал буюу тэнцлийн байдлыг харвал урсгал тэнцэл 118.9 мянган ам долларын алдагдалтай, хөрөнгө санхүүгийн тэнцэл 185.2 мянгад хүрсэн. Бүхэлд нь авч үзвэл төлбөрийн тэнцлийн нийт дүн хасах буюу гадаад валютын цэвэр нөөц 232.1 мянган ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин экспортын өсөлт 5.39 хувиар, импортын өсөлт 14.3 хувиар тус тус буурсан нь Монгол улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо үлэмж хоргодож, дотоодын үйлдвэрлэлээ хангалттай хөгжүүлж, экспортод гаргаж чадаагүйг бэлхэн илтгэж байна.