sonin.mn
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 44 дэх дугаарт  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлжээ.
 
Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээ, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүн, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээтэй холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авч болох юм байна.
Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.
 
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлжээ. Уг тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд 2017-2019 онд сар бүр бэлэн мөнгөөр олгох, энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон байна.
 
Мөн Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.