sonin.mn
Монгол Улс  эдийн засгаа төрөлжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг түшиглэнэ хэмээн Засгийн газраас зохион байгуулсан Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтаар тодотголоо.
 
Засгийн газрын  санаачилгаар Хөгжлийн түншүүдийн Зөвлөлдөх уулзалтыг “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулсан юм. Уулзалтад 40 гаруй хөгжлийн түнш оролцож байна.
 
 Сангийн дэд сайд Х.Булгантуяа ярихдаа, “ Эдийн засаг  хүнд  үед зөвхөн уул уурхайд түшиглэх бус  Хүнс хөдөө аж ахуйн салбараа түшиж хөгжих боломж байна.  Тухайлбал Хүнс хөдөө аж ахуйн салбарт түшиглэн Япон-Монголын хамтарсан хуурай сүүний үйлдвэр барихаар болсон. Тооцоотой зөв бодлого, бүсээ чангалах, том төслүүд хэрхэн явахаас шалтгаалан эдийн засаг урагшлах үгүй нь шийдэгдэнэ.
 
Төсөл хөтөлбөрүүд  хэрэгжээд эхэлбэл бидэнд гэрэл гэгээ байна.  Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлэхийг Хөгжлийн түншүүд дэмжиж байгаа. Монгол Улс "Стэнд бай" хөтөлбөрийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 10 дугаар сард ОУВС бүх суурь тоог судалсан. Тус сангийн  төлөөлөгчид Монгол Улсад ямар чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээ удахгүй  тодорхой болгоно” гэлээ.
 
Харин НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкма хэлэхдээ, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн орнуудын нэг. Монголын тогтвортой хөгжлийн  хэтийн төлөв 2030 хөтөлбөрөө баталсан нь ололттой. Тус улсын хувьд эл зорилтуудыг биелүүлэх гол хүчин зүйл нь дан ганц эрдэс баялгийн олборлолт бус юм. Олон салбарыг хамарсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжин тогтвортой хөгжихөд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.   Азид хамгийн залуу хүн амтай, 15-34 насны залуучууд нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлж буй Монгол Улсад эдийн засаг төдийгүй дотоодын хэрэглээгээ өсгөх боломж их байна. Монгол Улс хөгжлийн асар их нөөц боломжтой.
 
Тус улсад ойрын жилүүдэд хурдацтай хөгжих байгалийн болон хүний нөөц хангалттай бий.  Мөн улс орныхоо хөгжлийн үр ашгаас бүх иргэд хүртэхэд чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар зөв бодлого явуулж, үүнд хувийн хэвшлийнхнийг  татан оролцуулах хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн бодлого болох эдийн засаг нийгэм, байгаль орчин гэсэн гурван тулгуурыг  Монгол Улсын Засгийн газар зөв бодлогоор авч явна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг