sonin.mn
АНКАРА./TASS/. “Туркийн урсгал” гэдэг нэртэй хий дамжуулах хоолой барих талаар ОХУ-тай байгуулсан хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг Туркийн парламент сайшаасан байна.
 
Өчигдөр Туркийн парламентад болсон санал хураалтад 223 депутат оролцсоноос 210 нь дэмжсэн санал өгчээ. Үүнээс өмнө мягмар гарагт парламентын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн Байнгын хороо уг хуулийн төслийг дэмжсэн юм.
 
“Туркийн урсгал” хийн хоолой барих төслийг Оросын эрх баригчид 2014 оны 12 дугаар сард анх санаачилжээ. Уг төсөл “Өмнөдийн урсгал” гэдэг төслийг орлох ёстой юм. “Туркийн урсгал”-ын далайн ёроолоор өнгөрөх хэсэг нь тус бүр  15,75 тэрбум шоо метр хүчин чадалтай дөрвөн салбар хоолойноос бүрдэнэ гэж төлөвлөж байжээ.
Гэвч хоёр орны харилцаа таагүй болсны улмаас төслийн хэлэлцээр зогссон байна. Харин энэ оны 8 дугаар сард Санкт-Петербургт болсон ОХУ болон Туркийн төрийн тэргүүн нарын уулзалтын явцад уг төслийг сэргээх шийдвэр гаргасан юм.

Төсөлд тусгаснаар Хар тэнгисээр дайруулан Турк хүртэл, цааш нь Грекийн хил хүртэл хий дамжуулах хоолой барина. Уг хоолой далайгаар 910 км, Туркийн нутаг дэвсгэрээр хуурай замаар 180 км урт үргэлжлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 11,4 тэрбум евро ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг