sonin.mn
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аас 1995 онд батлан, хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ба  одоо нийгмийн халамжийн чиглэлээр 5 хуулийг дагаж мөрдөж буй. Нийгмийн халамжийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж байгаа ба жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна.
 
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэж байна. Ер нь дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна" гэлээ.
 
Түүнчлэн өнөөгийн түвшинд нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн байна. Мөн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага. Халамжийн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсээр байгаа ч ядуурал дорвитой буурахгүй байгаа зэрэг анхаарвал зохих асуудал байсаар байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав.
 
Гэхдээ Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй гэсэн бодлого барьж байгаа аж. Цаашид Засгийн газраас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх, иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс “Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлэх, зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргах, халамжийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд зарцуулсан хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, хувийн хэвшилд татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар халамжийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх гэнэ.
 
Одоогийн түвшинд Засгийн газраас "Насны хишиг"-ийг ахмад настнуудад жилд 2 удаа олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Хуулийн хүрээнд 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрджээ. Үүний зэрэгцээ тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Хүн амын өсөлтийг дэмжих, 2 хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй  өрхийг дэмжих  зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлээд байгаа хэмээн Ерөнхий сайд мэдээлэв.
 
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж гаргасан АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Тус бүлэг Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хуваах замаар ялгаварлан өгөх шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэсний зэрэгцээ ахмадуудыг насаар нь ялгаварлан гадуурхаж “Насны хишиг” нэртэй тэтгэвэр олгохоор болсон нь Монголын ахмадуудыг дэндүү тохуурхсан хэрэг боллоо. Хүүхдийн мөнгийг эцэг эхийнх нь амьжиргаагаар ялгаварлаж байгаа болон "Хамтын тэтгэврийн хууль”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас ямагт шаардах болно. “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийг шинэчилэн найруулснаар тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэсэн нь дэндүү өрөөсгөл бөгөөд гэнэн харагдаж байна хэмээн үзжээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг