sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгалаа.
 
Умард Солонгосын 16 аж ахуйн нэгж болон долоон хувь хүнд АНУ-ын Засгийн газар баасан гарагт хориг арга хэмжээ авчээ.
 
Хар дансанд орсон аж ахуйн нэгжүүдийн дунд хатуу валют олохын тулд хүмүүсийг гадаад улс орнуудад ажиллуулдаг Умард Солонгосын төрийн мэдлийн дөрвөн компаниас гадна иргэний агаарын тээврийн “Air Koryo” компани байна. АНУ-ын мэдэгдсэээр, пуужингийн эд ангиудыг тээвэрлэдэг учир “Air Koryo”-гийн эсрэг хориг арга хэмжээ авсан аж.
 
Хориг арга хэмжээний жагсаалтанд орсон аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүстэй америкчууд харилцаж, хамтран ажиллаж болохгүй.
 
Гадаад улс орнуудад ажиллаж байгаа хүмүүсийн олсон мөнгө нь Пхеньяны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг эх үүсвэрүүдийн нэг гэж Цагаан ордон үзэж байна.
 
Умард Солонгосын иргэдийг эх орондоо ажиллуулахгүй байхыг Ойрхи Дорнод болон Африкийн улсуудад АНУ мөн уриалахаар төлөвлөж байгаа ажээ.
 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг