sonin.mn
Өнөөдөр Төрийн ордонд хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан захирамжуудаа танилцуулжээ.
 
ҮАБЗ хотын даргын гаргасан шийдвэрийг дэмжсэний зэрэгцээ иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэрийг “Хүний эрхийг хязгаарлаагүй байна” хэмээн үзсэн гэж нийслэлийн Засаг дарга С.Батболд сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзах уулзалтынхаа эхэнд гаргасан захирамжуудынхаа талаар танилцуулсан.
 
Нэгдүгээрт Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжаар суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байх аж.
 
Хоёр дахь захирамжаар агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын 4 бүсчлэлийг тогтоосон байна. Эхний бүсэд  орон сууц, байшин хороолол багтана.  Уг  бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй хэмээн тодорхойлжээ. Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоон захирамжлав.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
 
“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” буюу гурав дахь захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэхдээ Улаанбаатар хотод удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг шилжиж ирж болно. Түүнчлэн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглохоор тооцжээ.
Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
 
-Шилжилт хөдөлгөөнийг 2018 он хүртэл түр зогсоолоо. Хугацаа дууссаны дараа ямар арга хэмжээ авах вэ?
 
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэрийг сунгаж болно гэдэг шийдвэр гарч байгаа. Тиймээс бид шилжилт хөдөлгөөнийг сунгах эсэхийг тухайн үед шийднэ. 
 
-Агаарын бохирдлыг бууруулах захирамж хэрэгжиж эхэлснээр агаарын бохирдол хэдэн хувь буурах вэ?
 
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарыг бохирдлыг 20 хувь бууруулна гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэдэд одооноос сайжруулсан түлш тараана. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулна. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа зүгээр л нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш, газ, халаагуур хэрэглэж болно. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс халаагуур болон бусад хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.
 
-Нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь цэц дээр очих асуудал юм биш үү. Өмнө нь ийм асуудлыг цэц авч хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн байна” хэмээн шийдвэрлэж байсан?
 
-Хэвлэл мэдээллийн удирдлагууд өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд хандаж хотын даргын гаргасан шийдвэрийг үнэн зөвөөр иргэдэд ойлгуулаарай хэмээн уриалсан. Энэхүү шийдвэр бол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжинэ. Дорнодын иргэн Зүүнхараа, Сэлэнгэд суурьших эрхэд бид халдаагүй.
 
-Эмнэлгийн хүртээмжид хэрхэн анхаарч байна вэ. Цэцэрлэгүүдэд агаар шүүгч тавих шийдвэр хэдий хүртэл хэрэгжих вэ. Хэдий санхүүжилт шаардлагатай болох нь. Нам даралтын зуухыг солино гэлээ. Цэцэрлэг, сургуулиуд хэзээгээр зуухаа сольсон байх вэ?
 
-Улаанбаатарын хэмжээнд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулж, 600 ороор хүүхдийн эмнэлгийг өргөтгөсөн. Он гарангуут Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад оруулна. Бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Томуугийн өвчлөл буурч байна. Бидний авсан мэдээллээр 13 хувиас 10 хувь руу өвчлөл буурч байгаа юм байна. Хүүхдийн дуудлага нэг хоногт 2500 байснаа одоо 1500 болж буурсан. Манай нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн ор цөөн байдаг. Урин дулааны үед хүүхдийн өвчлөл бага байдаг тул хэт олноор ор нэмэгдүүлэх нь оновчгүй байдаг.
 
Нөгөө талаар хоосон ор, хоосон өрөө олон байхаар эмнэлгүүдийн төсөв санхүүд нөлөөлдөг гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Бид саяхан 200 ангид агаарын шүүгч тараасан. Одоо 250-ыг нэмж тараана. Цаашдаа бүх сургуульд агаар шүүгч тавина. Захирамж хэрэгжиж байгаа тул ААН-үүдэд зуухаа соль гэсэн шаардлага тавина. Нийслэлийн харьяа байгууллагууд гэхэд зуух яндан хэрэглэхгүй.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг