sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Ажил олгогч нь иргэдийг ажилд авахдаа дадлагажуулах, шалгах нэрийдлээр 7 хоногоос 3 сарын хугацаанд цалингүй ажиллуулж, улмаар халах тохиолдол түгээмэл гарах болжээ. Тиймээс иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир төсөл санаачлагчийн илгэлдээ дурьдав.
 
Тэрбээр, “Ажил олгогч нь анх ажилд орж буй хүнтэй албан бусаар буюу 7 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд дадлага хийлгэх талаар аман гэрээ хийдэг. Энэ хугацаанд ямар ч цалин олгодоггүй. Тиймээс дадлагажих хугацааг 3 сараас дээшгүй байх, энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш төгрөгийн цалин олгохоор хуулийн төсөлд тусгасан.
 
Түүнчлэн оюутан залуус сурч байх хугацаандаа цагийн ажил хийх сонирхолтой байдаг. Иймд хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн шинэ зүйл нэмж, түүнд ажиллах цаг, цалин хөлсний тухай харилцааг зохицуулсан. Шинээр ажилд орж буй хүнтэй бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй төрийн байгууллагыг 500 мянгаас 1 сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулсан” гэлээ.
 
УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчийн халаа, сэлгээний асуудал байнга хурцаар тавигддаг гэдийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлээд, “Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах боломжийг хангах чиглэлд заалт оруулсан уу” хэмээн тодруулав.
 
Хууль санаачлагчийн зүгээс энэ хуулийн төсөлд зөвхөн шинээр ажилд орох болон цагийн ажлын тухай заалт оруулсан хэмээн хариулсан. Харин ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, “Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажил ХНХЯ-нд явагдаж байгаа. Ирэх долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хэлэлцээр болно. Энэ үеэр МҮЭХ болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хуулийн төслийн талаар санал солилцох болно” гэлээ.
 
Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Учрал нар Хэлэлцэж хуулийн төслийг ХНХЯ-наас боловруулж буй шинэчилсэн найруулгатай хамт хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Гишүүдийн олонх тэдний саналыг дэмжиж байсан бөгөөд эхний ээлжинд хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд дараа нь ХНХЯ-наас шинэчилсэн найруулгаа өргөн мэдүүлэх үед хамт батлах нь зөв гэсэн шийдэлд хүрлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг