sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр/2017.01.10/ хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Хуулийн төсөлд цэргийн байгууллагад 25 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэн энгийн байгууллагад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн бол ажилласан жил тутмыг цэргийн байгууллагад 6 сар ажилласантай тэнцүүлэн тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгоно. Харин цэргийн байгууллагад 25 жилээс удаан алба хаасан бол илүү ажилласан жил тутмыг 1.5 хувь, сар тутмыг 0.125 хувиар тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгохоор заасан байна. Хуулийг хэрэгжүүлэхэд жилд 260.2 сая төгрөг, сард 20 гаруй сая төгрөг шаардлагатай аж.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэр дээрээ цолны нэмэгдэл авах хүсэлтэй байдаг гэдгийг хэлээд үүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулав. Ажлын хэсгийн зүгээс эхний ээлжинд өндөр албан тушаалтай байсан хүмүүсийн тэтгэвэр дээр цолны нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэж, ЭМНДЕГ-т хүргүүлсэн. Цаашдаа улс орны эдийн засгийн байдал сайжирсан тохиолдолд бүх хүмүүст олгох боломжтой гэсэн хариулт өгсөн.
 
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар Цэргийн албанаас тэтгэвэр гардаг иргэд бусад салбарынхантай харьцуулахад ид хийж бүтээх нас буюу 40 гаруй насандаа тэтгэвэрт гардаг гэдгийг онцлоод ХНХЯ-ыг цэргийн албанаас тэтгэвэрт гарсан иргэдийг энгийн байгууллагад ажилд ороход нь дэмжлэг үзүүлэхийг зөвлөв.
 
Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг