sonin.mn
Улсын хэмжээнд жилд дунджаар 8.2 гаруй сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 200 орчим мянган тонн мах үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг хэмээн Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
 
Ийнхүү Монгол Улсын жилд хэрэглэх махны хэрэгцээг үндэслэн энэ онд нийт 11.6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн мах бэлтгэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мянган тонн махыг экспортлох боломжтойгоос гадна  6.1 сая толгой мал махыг бэлтгэн гадны зах зээлд гаргах нөөц байгааг салбарынхан онцолж байна.
 
Түүнчлэн Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тооцоогоор нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж гарчээ. Ингэснээр энэ онд дунджаар 130 мянган тонн сүү, 180 мянган тонн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байгаа аж.
 
Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаас үзвэл 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрчээ.
 
Улмаар сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын 90 хүртэлх хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүү хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4.4 мянган тонн хуурай сүү импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
 
 Өнгөрөгч онд Монголын “Драй милк” компани  Японы  “Пирсай” компанитай байгуулсан гэрээний  хүрээнд шингэн сүү худалдан авч, хуурай хэлбэрт оруулан худалдаанд нийлүүлэхээр болсон нь дээрх сүүний хэрэгцээний тодорхой хувийг хангах юм.    “Пирсай” компанийн хувьд Монголд эхний ээлжинд  50 ширхэг хатаагч машин оруулж ирэн туршилтын бүтээгдэхүүнийг гаргаснаар  шингэн сүүг өвөл, зунгүй хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг