sonin.mn
ТЕГЕРАН./IRNA/. Ираны Ерөнхийлөгч агсан Акбар Хашеми Рафсанжанитай салах ёс гүйцэтгэх ёслолд тус улсын хэдэн зуун мянган иргэн оролцлоо.
Түүний араас залбирал үйлдэх ёслолыг тус улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеи удирдан зохион байгуулжээ. 
 
1989-1997 онд Ираны төрийн тэргүүнээр ажиллаж байсан Рафсанжани өнгөрсөн долоо хоногийн ням гарагт зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. Тэрбээр 1979 оны Лалын хувьсгалаас хойших Ираны хамгийн нөлөө бүхийн улс төрчдийн нэг байв.
 
Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Иран даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна.
 
 
 
Салах ёс гүйцэтгэх ёслол болсон Тегераны их сургуулийн хотхоны гудамжууд гашуудагчдын хөл хөдөлгөөнд дарагдсаныг тус улсын төрийн мэдлийн телевизээр харууллаа.
Тус хотхон руу метро болон автобусаар хүмүүсийг үнэгүй хүргэж үйлчилжээ.
Хаа сайгүй хар туг далбаа болон зурагт хуудсууд өлгөжээ. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон Рафсанжани нарын хамтдаа инээж буйг харуулсан нэгэн зурагт хуудсан дээр “Баяртай! Дайчин нөхөр минь” гэж бичсэн байна.
 
Ерөнхийлөгч асан Рафсанжани-г Ираны хувьсгалын удирдагч Аятолла Хомейни-гийн хажууд оршуулах ажээ.
Рафсанжани бол Ираны одоогийн Ерөнхийлөгч Хассан Роухани-г дэмжигч гол хүмүүсийн нэг байсан ба Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар дэлхийн гүрнүүдтэй хэлэлцээр байгуулахыг дэмжиж байсан юм.
 
Ням гарагт Тегераны эмнэлэгт Рафсанжани амьсгал хураах үед түүний дэргэд Ерөнхийлөгч Роухани байжээ.
 
 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг