sonin.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас Ерөнхий аудитор А.Зангадыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томилохыг дэмжлээ.
 
Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний оронд Д.Хүрэлбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн байна.
 
Хэлэлцүүлгийн шатанд томилгоотой холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж, Үндэсний аудитын газрыг улс төрөөс хараат бус байлгах, өмнө хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэх, дэлхийн аудитын байгууллагын чиг хандлага, олон улсын түвшинд хүргэх, хувийн болон төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа аудиторуудын ёс зүй, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах, төсвийн сахилга бат, төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавихад анхаарч ажиллахыг захьлаа.
 
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад 90 хувь нь асуудлыг дэмжив. Эл асуудалд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж танилцуулна.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг