sonin.mn
Засгийн газраас 2010 оны үед 4000 айлыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, хөнгөлөлттэй, боломжийн үнээр нэлээд олон төрийн албан хаагч орон сууцтай болж байлаа. 
 
Энэ нь мэдээж сайн хэрэг. Харин төсөлд хамрагдаж ажилтай болсон зарим барилгын компанийн эзэд төслийн мөнгөнөөс “цохиж”, чанаргүй барилгаар захиалагчдаа хуурав уу гэж хардлага төрүүлсэн мэдээлэл бидэнд ирлээ.
 
Оршин суугчид нь дотор нь амьдарч гадна нь барилгын ажил үргэлжилж байжээ.
 
БАРИЛГА ЭХЭЛСНЭЭС ГУРВАН САРЫН ДАРАА ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
 
Ханын суулт, цахилгааны монтаж, шугам хоолой, дулаалгаас эхлээд чанарын шаардлага хангасан зүйл тэнд үгүй гэж оршин суугчид ярьж байна.
 
 
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Да хүрээ” хотхоныг барих зөвшөөрлийг 2010 онд “Мануул трейвэл” гэх компани авчээ. Төслийн хүрээнд 76 болон 24 айлын хоёр блок барилгыг тус компанийн захиалгаар “Ай Пи Даблью” гэх компани 2012 оны зургадугаар сараас гүйцэтгэж эхэлснийг Улсын комиссын дүгнэлтэд дурджээ. Уг нь хууль ёсоор барилга барих газрын зөвшөөрлийг авчихаад дараа нь зураг төслөө батлуулж, барилга барих зөвшөөрөл авч байж газар хөндөх ёстой. Гэтэл эсрэгээрээ болж, барилгын ажил зургадугаар сард эхэлснээс гурван сарын дараа газрын зөвшөөрөл олгожээ. Өөрөөр хэлбэл, “Мануул трейвэл” компанид орон сууц, үйлчилгээний зориулалттай 7800 ам метр талбайг эзэмшүүлэх зөвшөөрлийн захирамжийг 2010 оны есдүгээр сарын 29-нд өгч байж. Үүнээс дахин гурван сараа дараа барилга барих зөвшөөрлийг “Мануул трейвэл” компанид олгожээ.
 
ХАНЫН СУУЛТТАЙ, ПРҮҮСЭЭР ТУЛСАН ШАТТАЙ “ДА ХҮРЭЭ” ХОТХОН
 
 
А байрных нь орцны шатыг нарийхан прүүс модоор торгоожээ.
 
 
“Мануул трейвэл” компанийн захиалгат барилга ийнхүү газар, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр эхэлж, Улсын комисс хүлээж аваагүй байрандаа хоёр жилийн дараа оршин суугчдыг оруулж эхэлжээ. Тус барилга ашиглалтад ороод дөрвөн жил орчмын хугацаа өнгөрөхөд 40, 50 жилийн насжилттай хуучны барилгуудаас ч дор болж хувирсан нь “Да хүрээ” хотхоны үүдээр оронгуут харагдана.
 
Ханын суулт, цахилгааны монтаж, шугам хоолой, дулаалгаас эхлээд чанарын шаардлага хангасан зүйл тэнд үгүй гэж оршин суугчид ярьж байна. Хотхонд амьдарч байгаа айл бүрт барилгын чанарын асуудал одоог хүртэл яригдаж, харшил ханиадтай болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс олон байна. А байрных нь орцны шатыг бүр нарийхан прүүс модоор торгоочихсон  байх жишээтэй. Тулгуур болсон модонд хүчтэйхэн хүрвэл хугараад уначихаж мэдэхээр. Хэрэв тэгвэл шат нурж хүн үхэх аюул ч тэнд заналхийлж байна. Бүр оршин суугчид нь дотор нь амьдарч гадна нь барилгын ажил үргэлжилж байгаа зураг энэ байна. /Зурагт үзүүлэв/.
 
Ийм орчин нөхцөлтэй, чанаргүй барилгыг Улсын комисс хүлээж авсныг оршин суугчид толгой сэгсрэн ярьж байна. Тус барилгад анх 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажилласан боловч комиссын акт журамд заасан 14 хоногт баталгаажаагүй тул Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас дээрхийг хүчингүй болгон дахин комисс ажиллуулах шийдвэр гаргасан байна. Түүний дараа 2014 оны хоёрдугаар сарын 26-нд Улсын комисс дахин ажиллаж чанаргүй, оршин суугчдын гомдол тасардаггүй тус орон сууцыг байнгын ашиглалтад оруулахад татгалзах зүйлгүй хэмээн гишүүд нь гарын үсэг зуржээ.
 
“Да хүрээ” хотхоныхон зөвхөн барилгын чанараар зогсохгүй ашиглалтын зардал дээр толгой гашилгаж сууцгаана. Ус, дулаан, цахилгаанаа тэд айл өрхийн биш албан байгууллагын жишгээр төлдөг болсоор одоог хүрчээ. Компанийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, айл бүр ашиглалтын зардлаа төлөхгүй бол хязгаарлана гэж мэдэгджээ. Түүнээс гадна байр захиалсан иргэдээс анх тохирсон байрны үнээс илүү нэхсэн тухай ч оршин суугчид ярьж байна.
 
НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН ГЭЖЭЭ
 
“Мануул трейвэл” компани төслийн санхүүжилтэд ОССК-иас нэг тэрбум найман сая төгрөг авчээ. Гэвч дээрх хууль зөрчсөн асуудлыг удаа дараа гаргаснаас ОССК-иас тус компанид шаардлага хүргүүлж байжээ. Шаардлагад “Манай корпораци дээрх гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж танай компанид нэг тэрбум найман сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч “Мануул трейвэл” компани нь ОССК-тай тогтоосон хамтын ажиллагааны гэрээ түүний нэмэлт болох барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж Засгийн газрын бондын хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, хүүгийн алдагдалд оруулах үйлдлийг удаа дараалан гаргасаар байна.
 
Мөн иргэдэд хууль бус шаардлага тавих замаар гэрээний үнийг нэмэгдүүлэх барилгыг улсын комисс хүлээж аваагүй, дүгнэлт гаргаагүй байхад байрны ашиглалтын зардал болох дулаан, цахилгаан, хог, усны мөнгийг иргэдээс нэхсэн. Хүлээн зөвшөөрөөгүй тохиодолд байрнаас албадан гаргах шаардлагыг хүргүүлж байгаа нь олон хуулийг ноцтой зөрчиж байна. Эдгээр зөрчлөө арилгана уу” гэсэн байгаа юм.
 
Түүнээс гадна оршин суугчдын төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол ч байна. Айл өрхийн бус албан байгууллагын тарифаар ус, цахилгаан, дулааны мөнгийг хоёр жилийн турш төлсний зөрүүнд нэг сая төгрөгийг илүү өгсөн айл ч байна. Түүнчлэн барилгын ам метр дутаадаг зөрчил айл бүрт байгаа аж.
 
Энэ асуудалд хариу тайлбар авахаар “Мануул трейвэл” компанийн захирал М.Золбооттой холбогдоход “Бид ам метрийг нь 630-890 мянган төгрөгөөр зарсан. Зах зээлийн үнээс 30-50 хувиар хямдхан. Манай барьсан байрыг сонгож аваад урьдчилгаагаа өгөөд үлдсэн мөнгөө ОССК-иас зээл авсан хэдэн хүн байдаг. Тэднээс есөн хүн ашиглалтын зардлаа хоёр жил гаруй төлөөгүй. Дээрээс нь захиалсан байрандаа ороогүй, арга хэрэглэж наран талдаа байр сонгож авсан хэдэн хүн байдаг. Тэр хүмүүс гэрээгээ шинэчлээгүй, ашиглалтын зардлын үлдэгдлээ төлөөгүй, тухайн үедээ 10 хувийн урьдчилгаагаа төлөх мөнгөгүй байгаад манайхаас зээл аваад орсон хүмүүс бий. Тэдгээр хүмүүс гомдол гаргаад шүүхээр явж байна. Тухайн үед Улсын комисс зүйл заалт бүрээр нь шалгаж хүлээж авахад бэлэн байна” гэж байсан.
 
Захиалагчид энэ байрны үнийг битгий нэмээч, хуучин гэрээ хийсэн үнээр мөрдөөч, бид ашиглалтын зардлаа төлье, комиссын акт гарсан эсэх нь бидэнд хамаагүй гэж анх орсон. Одоо зөрүү мөнгө, хэрэглээний зардлаа төлөхгүй хуулийн байгууллагаар шалгуулж түүнийгээ олж авах сонирхолтой хүмүүс. Шалгуулаагүй газар байхгүй. Бид гурав, дөрвөн жил тэвчээртэй хүлээж байгаа” гэв.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин