sonin.mn
Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй хэцүүхэн цаг үед биднийг хямралаас илүүтэйгээр бухимдуулж буй зүйл бол мэдээж агаарын бохирдол. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг, урт удаан хүйтний улиралтай Улаанбаатарчуудын дийлэнх олонх нь гэр хороололд амьдардаг.
 
Тэд урт удаан өвлийн улиралд нүүрсийг тасралтгүй түлж хэрэглэдэг нь агаарын бохирдыг үүсгэгч PM2,5 бодисын 70 хувийг үүсгэдэг мөн өвлийн эд хүйтнээр ДЭМБ-аас өвчлөл ба нас баралтыг бууруулахаар зорьж гаргасан удирдамжин дахь агууламжаас 15 дахин их болдог гэж цэвэр агаар сангийн тайлан мэдээнд дурьдсан байна. 
 
Би анх үзэгдэх орчин харагдахаа больтлоо өтгөн утааг 2001 оны өвөл үзсэн. Гэхдээ тийм утаатай өдөр тэр үед маш ховор тохиолддог байсан юм. Гэсэн ч хөдөөнөөс хотруу шилжин ирэгсдийн нүүдэл тасралтгүй нэмэгдэж Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг жил тутам 30-50 мянгаар нэмэгдүүлж байсан. Тэдгээр шилжин ирэгсэд гол төлөв гэр хороололын оршин суугч болдог явдал нь гэр хороололын янданг 5-8 мянгаар нэмдэг гэсэн тооцоо байдаг. 
 
2000-2004 оны засгын газрын хувьд утаа дөнгөж илрэн гарч ирж байгаа нийгмийн үзэгдэл байсан. 2004-2008 оны засгийн газруудын үед утаа нь нийгмийн анхааралд орж иртлээ өсч өндийсөн байдаг. Гэхдээ тухайн үеийн засгийн газарт эдийн засгийн үсрэнгүй хөгжил том том ордуудын ашиглалт гээд утааг анхаарах сөхөө байгаагүй гэж хэлж болно. 2008-2012 оны үед ажиллаж байсан засгийн газруудын хувьд утаа нь аль хэдийнээ нийгмийн гамшигт үзэгдэл болчихсон байсан. Тиймээс дөнгөж 2011 оноос агаарын бохирдлын эсрэг засгийн газар, Мянганы сорилын корпорацтай хамтран “цэвэр агаар төсөл” хэрэгжүүлэн ажиласан байдаг.
 
Өнгөрсөн хугацаанд нийтдээ агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр нийт 100 тэрбум орчим төгрөг зарцуулсан үүнд 2011-2013 Мянганы сорилын сангын хөрөнгөөр 53 тэрбум, 2014 онд “Цэвэр агаар сан” 20,26 тэрбум, 2013-2017 онуудад Улаанбаатар хотын “цэвэр агаар төсөл” 24 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байдаг. Дээрхи гурван хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудаас тоочвол гэр хороололын айлуудын цахилгааны хөнгөлөлт, гэрийн дулаалга, утаагүй түлш мөн утаагүй зуух. Энэ мөнгөний дийлэнх нь 2011-2015 оны хооронд 168 мянган сайжруулсан зуухыг иргэдэд татаастай тараахад зарцуулагдсан байдаг. Албаныхан агаарын бохирдлыг 20 хувь буурсан гэж тодорхойлдогч бодит байдал дээр илүү нэмэгдсэн дүр зураг харагддаг.
 
Нийслэлийн иргэдийн хувьд агаарын бохирдлын аюул өсөн нэмэгдэж үүнд нь хамгийн ихээр хүүхдүүд нь хохирч байгаад бухимдалтай байгаа бол. Эрх баригч засгийн газрын хувьд утаатай тэмцэх зөв шийдлээ олохгүй бодлогширч суугаа нь ойлгомжтой.
 
Утаа гэдэг аюулыг бид хэтэрхий хэтэрхий дутуу үнэлээд байх шиг. Улаанбаатар хот жилдээ 6 сая тн орчим нүүрс түлдэгээс цахилгаан станцууд 90 хувийг нь шатааж үлдсэн 10 хувийг нь гэр хороололын өрхүүд хэрэглэдэг гэсэн статистик байдаг ч агаарын бохирдлын 70 хувийг гэр хорооллын яндангын утаа бүрдүүлдэг байна.
 
цахилгаан станцууд боловсруулсан нүүрсийг өндөр темпаратурт хаягдал багатай шатаадаг мөн дээр нь яндандаа утааг багасгах шүүлтүүр байрлуулснаар их хэмжээний нүүрс хэрэглэдэг ч харьцангуй бага утаа гаргадаг бол. Гэр хороололын айлууд түүхий нүүрсийг хэрэглэдэг мөн дээр нь бүрэн цогштлоо асар их угаар ялгаруулдаг нь агаарын бохирдлын гол шалтгаан болдог. Мөн дээр нь авто машинаас ялгарч буй бохирдол, зуны цагт тоос, шороо агаарт дэгддэг зэрэг нь агаарын бохирдлын хүчин зүйлсүүд болдог. 
 
Энд нэг зүйл маш тодорхой агаарын бохирдлыг арилгах ажил нь 100 тэрбум төгрөг, ганц, хоёр жилээр шийдэгдчих ажил огт биш. Тэр тусмаа утаагүй түлш, утаагүй зуухаар бүүр ч шийдэгдэхгүй. Энэ бол урт удаан хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалтаар шийдэгдэх нүсэр ажил. Шийдэл нь ойлгомжтой гэр хороололын бүх янданг буулгаж түүхий нүүрсийг хэрэглээнээс халсан цагт л бид цэвэр агаартай золгоно.
 
Үүний тулд гэр хороололыг бүхэлд нь орон сууцжуулж нийтийн халаалтын системд холбох, мэдээж энэ бол боломжгүй тул айл өрхүүдийг цахилгаанаар халаалтаа шийддэг болгох нь хамгийн боломжит хувилбар. Харамсалтай манай улс өнөөгийн хүчин чадлаараа өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж хүрэлцэхгүй байдалд хүрчихсэн. Дээр нь Монгол улс нэг хүнд ноогдох цахилгааны хэрэглээгээрээ дэлхийн дунджаас хоёр дахин бага. Цахилгааны эх үүсвэр нь 99 хувь нүүрсний цахилгаан станцаас бүрддэг.
 
Нүүрс нь тухайн цаг үедээ гайхамшигийг бүтээсэн хосгүй баялаг байсан гэдэгтэй хэнч маргахгүй. Хоцрогдсон дэлхий ертөнцийг хөгжил дэвшилд хөтөлсөн шидэт түлш. Харамсалтай нь одоо бол зүгээр хоцрогдсон хэрэглээ болжээ. Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн хоёрдугаар дайны дараагаас түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн байдаг.
 
80-90 оны хооронд нүүрсний цахилгаан станцуудаа хааж, эрчим хүчний өөр илүү дэвшилтэт технолгиудыг нэвтрүүлсэн түүхтэй. Дэлхий дээр эрчим хүч гарган авдаг олон технологиуд байдаг биомасс, цөмийн, байгалын хий, нарны, салхины, усан гээд л. Гэхдээ эдгээрээс манайд хамгийн ирээдүйтэй хоёр эрчим хүчний эх үүсвэр бол уран болон байгалын хий. Аль аль нь манайд элбэг тархалттай ашигт малтмал. Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг орхигдуулж болохгүй ч энэ төрлийн технологи өнөөдөртөө хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч хараахан чадаагүй л байна. 
 
Уранаар түлшээ хийдэг цөмийн цахилгаан станц нь эрчим хүчний үр ашигтай технологи. Харамсалтай нь бид атомын цахилгаан станц гэхээр учиргүй аймар үхлийн хөнөөлт зэвсэг цөмийн бөмбөгтэй андуурч ойлгох гээд байдаг. Тун саяхан даа ураныг дотоодоо боловсруулах тухай ярихад хүн бүхэн эсэргүүцээд золтой л нийгмийн эмх замбараагүй байдал дэгдчээгүй.
 
Атомын цахилгаан станц гэхээр Монголчууд ганцхан дэлбэрсэн Чернобелийн атомын станцийг л боддог. Энэ явдал хэдийгээр маш харамсалтай явдал хэдийг ч тэр цагаас хойш атомын цахилгаан станцын аюулгүй байдлын тал дээр өнөөгийн технологи маш өндөр хөгжсөн. Тиймээс бид одоо энэ айдсаасаа ангижарч шинэ тэргүүлэгч технологиудыг нэвтрүүлэх цаг нь болсон. Угаас хүн төрлөхтөн шинэ зүйл маш болгоомжтой ханддаг нь үнэн. Анх Томас Эдиссон гэх суут зохион бүтээгч цахилгаанаар ажилладаг гэрлийн чийдэнг зохион бүтээсний дараа. Түүний өрсөлдөгчид нь цахилгааны аюулыг нийгэмд сурталчилан ямар аймшигт хөнөөлт үр дагавар дагуулах чадалтайг нь аварга том зааныг цахилгаанаар устган харуулж л байсан. Хэдийгээр энэ үзэгдлийг нийгэм нь маш ноцтойгоор хүлээж авсан ч шинэ технологийг хориглох тэнэг шийдвэр лав гаргаагүй юм даг.
 
Өнөөдөр 500 гаад атомын цахилгаан станц дэлхийн 31 оронд ажиллаж байна. Тэдний дунд манайхаас ядуу орон болох Армени улс хүртэл багтсан байна. Армени нь 3 сая хүн амтай, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3500 доллар (манайхаас даруй 1000 доллараар бага) байдаг хэдий ч нэг цөмийн цахилгаан станцтай түүгээрээ эрчим хүчнийхээ 35 хувийг хангадаг байна. Тиймээс бид ч мөн адил айдасдаа хүлэгдэлгүйгээр тэргүүлэгч технолгид суралцан улс орноо хөгжлийн шинэ түвшинд аваачих цаг нь болсон.
 
 
Мөн дэлхийд өргөн хэрэглэгддэг дараагийн эрчим хүчний эх үүсвэр бол мэдээж байгалын хий. Байгалын хий нь эрт цагт оршин байсан амьд байгалын давхарга газрын гүнд дарагдан өндөр даралтанд бүрэлдэн бий болдог ашигт малтмал. Байлаглийн хий нь метан хий бөгөөд хаягдалгүй технологи гэдгээрээ ач холбогдолтой. Мэдээж үүсэн бий болсон шалтгаан нь нүүрс, газрын тостой адил тул тэдгээртэй хамт байх нь элбэг хэдий ч бас дангаараа оршин байх нь ч бий. Энэ ашигт малтмал нь дэлхийд нүүрс шиг өргөн тархалттай хэдий ч манайд бол эрэл хайгуулын ажил хийгдээгүйгээс мэдээлэл тун хомс.
 
Гэхдээ байгалын хийн орд илрэх магадлал маш өндөр. Байгалын хий нь дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Хойд Америк, Европын орнуудад хэрэглээнд ихээр нэвтэрсэн. 80 оноос нүүрсний цахилгаан станцууд үүдээ барьж эхлэхтэй зэрэгцэн түүний орыг хамгийн ихээр эзэлсэн байдаг. Тиймээс байгалын хийн хайгуулыг төрөөс эрчимжүүлж энэ чиглэлд хөрөнгө оруулагчдыг татах нь манай доройтсон эдийн засагт том хэмэр, дутагдалтай эрчим хүчний салбарт том дэвшил болж чадна гэдэг нь ойлгомжтой. 
 
 
Эцэст нь базаад хэлэхэд цэвэр агаарын төлөө тэмцэл маань сайжуулсан зуух, утаагүй түлш зэрэгээр агаарын бохирдлыг 20-30 хувь бууруулахаар зогсох учиргүй. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 дахин ихэсдэг агаарын бохирдлыг 10 дахин их болголоо гээд бидний сэтгэл ханахгүй нь ойлгомжтой. Агаарын бохирдлыг зөвшөөрөгдөх тэр хэмжээнд аваачиж байж энэ асуудалыг шийдвэрлэсэнд тооцох учиртай. Үүний тулд төр засгаас урт хугацааны бодлого боловсруулж өнөөгийн бидний дан ганц эх үүсвэр болсон нүүрсний технологиос татгалзаж, эрчим хүчний илүү дэвшилтэт технологийг нэвтрүүлэх дээр ач холбогдол өгөн ажиллах нь нэн тэргүүний зорилт мөн болно.
 
Нэгэнт л манайд эрчим хүчний хэрэглээний эрэлт их байгаа л бол энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр хийх нь хамгийн оновчтой бас ашигтай шийдэл. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох замаар эдийн засгаа тэлж, ажилын байрыг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй сульдсан эдийн засгаа сэргээх хамгийн оновчтой шийдэл болж чадахаар байна. Тулгарч буй асуудлаа шийдвэрлэж чадсан улс гүрэн л хөгждөг жамтай. 
 
 
 
  А.Болор-Эрдэнэ