sonin.mn
Монголын шарга азарганы зураг Английн ‘The Daily Telegraph’ сонины шалгаруулсан 2016 оны Амьтдын шилдэг гэрэл зурагны жагсаалтад багтсан тухай мэдээ гарч, нүүдэлчин соёлоороо бахархдаг монголчуудыг баярлуулаад буй.
 
“Элли Гэлдинг: Хиймэл үстэй гэлтэй харагдах, гайхалтай шаргал дэлтэй адууны зургийг гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа өвөлдөө -40 хүрч хүйтэрдэг Монголд авчээ”, гэсэн тайлбарыг өгч, бусад 26 сонирхолтой гэрэл зургийн хамт тус сонин нийтэлсэн билээ.
 
Гэрэл зурагчин Батзаяагийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт өвөл авсан уг зургийг ‘The Daily Telegraph’ өмнө нь өдрийн онцлох зургаараа сонгон нийтэлж байсан бөгөөд дэл нь цантсан, шарга адууг ажигч нэгэн нь Английн поп дуучин Элли Голдингтой адилтган харснаар тус улсын хэвлэлд онцолж байв. Дуучин Элли Голдинг ч олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсанд уг зургийг хуваалцсан байна.
 
 
Монгол адууг дэлхийд гайхуулсан Батзаяа аялал жуулчлалын “Аян Трэйвэл” ХХК-ын  захирлын албыг хашдаг. “Гэрэл зураг бол миний хобби. Би өөрийн гэрэл зургаар дамжуулан Монголоо дэлхийд сурталчлахыг хүсдэг. Миний зургууд weather.com, Yahoo News, the Guardian, the Telegraph гээд олон газар тавигдаж байсан. 2016 оны эцсээр хоёр зураг онцлогдсон байна”, гэж тэрбээр ярьсан юм. 
 
Хамгийн сүүлийн жишээ нь түүний авсан цаа бугын зургийг Шотландын The Daily Record сонинд нийтэлсэн явдал юм. Энэ талаар Батзаяа хэлэхдээ, “Бид 2016 оны 11 дүгээр сарын 7-19 хооронд Хөвсгөл аймгийн Зүүн тайгад анхны өвлийн аяллаа зохион байгуулсан. Бид тайгын гүнд 6 өдөр цаа буга унаж явсан. Цаатны өвөлжөөнөөс цааш хилийн зүг рүү 2 бүтэн өдөр цаагаар явж байж цаатны өвлийн оторт очдог юм билээ. Тэр үед, 11 дүгээр сарын 16-ны шөнө тэргэл сар гарах үеэр би энэ зургаа авсан” гэсэн юм. Уг аялалд 5 гэрэл зурагчин, 3 хөтөч оролцжээ.
 
 
 
Тэрбээр, “Ийм аяллыг өмнө нь хэн ч хийж байгаагүй байх. Тэр ч утгаараа адал явдал, танин мэдэхгүй, гэрэл зургийн уг аяллыг гадаадын зурагчдад зориулан ирэх 11 дүгээр сард дахин хийхээр төлөвлөж байна”, гэсэн юм. Сонирхсон хүмүүс http://www.toursmongolia.com/ гэсэн цахим хуудсаар дамжуулан холбоо барихаас гадна түүний өөрийн Batzaya Photography нэртэй фэйсбүүк хуудсаар зочилж болно.