sonin.mn
ЧИКАГО. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Чикаго хотноо найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ.
 
Найман жилийн өмнөхтэй харьцуулахад АНУ бүх талаар илүү хүчирхэг улс болсон гэж тэрбээр хэлээд, бие биеийнхээ үзэл бодпыг хүндэтгэн үзэж байхыг бүх давхаргын америкчуудад уриаллаа.
 
Өдгөө 55 настай тэрбээр 2008 онд итгэл найдвар, өөрчлөлт гэсэн уриагаараа олон түмний итгэлийг олж, АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Харин түүний халааг авч буй Дональд Трамп Б.Обамагийн явуулж байсан зарим бодлогуудыг эргэн харна гэдгээ мэдэгдсэн билээ. Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөх юм.
 
“Ерөнхийлөгч нарын хооронд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх нь Америкийн ардчиллын үндсэн шалгуур юм. Гэвч хүн бүрт эдийн засгийн боломж бололцоо олгохгүйгээр манай ардчилал цаашид хэрэгжихгүй” гэж Б.Обама мэдэгджээ.
 
Мөн тэрбээр "Цагаан ордонд үг хэлэхийн оронд би болон миний эхнэр Мишель Обама гараагаа эхэлсэн тэр газартаа буцаж ирэхийг хүссэн учир би Чикаго хотод Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхийг хүссэн юм" гэлээ.
 
Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа Чикаго хотод зочилсон нь энэ бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцоор 445 дахь удаагаа ниссэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг