sonin.mn
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй Зангиагшүй уулзалт хийж, өчигдөр буюу энэ сарын 10-нд хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн өргөтгөсөн хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан зөвлөмжийг танилцуулав.
 
ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллага , орон нутаг, хэвлэлийн төлөөлөл гээд нийтдээ 12 байгууллагын төлөөлөл орсон. Хуралдаан хаалттай болсон бөгөөд энэ нь агаарын бохирдлыгш бууруулах асуудалд ажил хэрэгчээр хандах зорилго агуулсан гэдийг хэллээ. Өөрөөр хэлбэл, улс төрчид камерийн өмнө өөрсдийгөө магтах, бусдаад илүү гарах гэж хичээдэг тул хаалттай явуулсан гэдгийг Ерөнхийлөгч уулзалтын өмнө онцлов.
 
Тэрбээр, “Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийд гарав, цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг та бүхэнд дуулгах гэсэн юм. Би өөрийн ФБ, твиттер хуудсандаа хурлын зөвлөмжийг оруулсан байгаа. Аюулгүй байдлын зөвлөмжийг Үндсэн хуулиа барьж гаргасан. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах , эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Агаарын бохирдлоос үүдэн Улаанбаатарын орчим амьдрана гэдэг бол аюултай орчинд байна гэдэгтэй утга нэг болоод байна. Тиймээс аюултай орчинд хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ үеийг гамшиг гэхгүй бол өөр юуг гамшиг гэх вэ. Одоо Улаанбаатарт утааны үе гэж бий боллоо. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирч, генд нь нөлөөлсөн хүмүүс төрж байна.
 
Ерөнхийлөгч үүнийгээ 7 жилийн өмнө ярихгүй яасан юм гэж бодож байгаа байх. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо гэж 2009 онд анх удаа хэлж байсан. Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. НҮБ-ын Байгаль орчны олон улсын зөвлөгөөн дээр би 2011 онд очиж ярьж байлаа. Намайг байгаль орчны асуудлаар хамгийн их ярьдаг Ерөнхийлөгч гэж  2011 онд  НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан юм.
 
Агаарын бохирдлын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хурал хийх гэхэд сүржигнэлээ гэдэг байлаа. Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан.  Тэгээд 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд байхад Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталж байлаа. Үүн дотроо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ хороо 2013 онд байгуулж байлаа. Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулсан. Гэхдээ энэ төсөлд ашгийн төлөө ажилласан хүмүүс бий. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч тодорхой алхам хийсэн. Олон улсын байгууллагын шугамаар олон айлын гэрийг дулаалсан.
 
Утааг гаргаж байгаа зуухны ард хүн сууж байгаа.  Та бүхэн тоо яриад байх юм. Утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол. Танай гудамжинд хэдэн айл утаа гаргаж байгааг нь нийтэд мэдээл. Буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдэхээр хүн ичдэг. Ичихээрээ үйлдлээ зогсоодог. Багануур, Налайхын нүүрс үнэхээр утаа гаргадаг. Тиймээс сайн чанарын нүүрсийг боловсруулж Улаанбаатартаа хэрэглэе. Улаанбаатарынхан 600 мянан тонн нүүрсийг нь түлж байгаа. Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ үр дүн гаргая гэвэл шийдэхэд хэцүү асуудал биш.
 
ҮАБЗ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Энэ ажил руу Улаанбаатар хотын  холбогдох хүмүүс орох хэрэгтэй. Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө.  Улаанбаатарыг нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Тэгээд гамшгийн үеийн онцгой байдлын хороо байгуулж, Ерөнхий сайд ахлах болсон. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна
 
Би хэзээ ч Улаанбаатар амьдрахад сайхан хот хүрээд ир гэж хэлж байгаагүй. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Орон нутаг руу уралдаж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эдийн засаг тэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кенеди манай иргэд "сар руу ниснэ"  гэж хэлсний тус улсын эдийн засаг тэлж, сансар судлал эрчимтэй хөгжиж байсан түүх бий.
 
Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байчихсан. Тиймээс би нийслэл хотыг Хархорин руу шилжүүлэх санаачлагыг гаргаж байсан. Аль 12-13 жилийн өмнө бид энэ асуудлыг хөндөж байлаа.  Одоо харин Улаанбаатарын зарим хэсэг, тэр дундаа хойд талын гэр хорооллыг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд тэр хэсэгт нь нөхөн сэргээлт хийж, ногоон бүс байгуулах хэрэгтэй. Ингэснээр урдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй, ардаа ногоон байгууламжтай болж, агаарын бохирдлыг шүүх боломж бүрдэх юм. Нүүлгэн шилжүүлэлт бол боломж. Түүнд хүн бүр оролцдог. Төрийн захиргааны төв байгууллагууд Улаанбаатараас нүүмэгц зам баригдана, барилга баригдана. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Ингэж Монголын хэмжээнд ярья. Авлига Монголыг муухай харагдуулдаг гэж би хэлж байсан. Утаа ч мөн муухай харагдуулж байна. Тиймээс бүгд утааны асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй.
 
GoGo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг: Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал үеийн үед АН, МАН-ын улс төрийн маргааны улмаас иргэд хохирч байна. Яагаад өнөөдрийг хүртэл 21 аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хийгээгүй вэ. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл яагаад биелээгүй вэ.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.
 
NTV телевизийн сэтгүүлч н.Ууганбаяр: Иргэдийн зүгээс хотын татварыг өндрөөр тогтооё гэсэн санал гаргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сайжруулсан зуух зэрэг алдаатай бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу. БНХАУ-аас эхлээд олон орон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаднаас зээл, тусламж авч байна. Монголд ийм боломж бий юу?
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх. Өчигдөр ҮАБЗ хуралдсаны дараа зарим орноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал ирж байсан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг доорх зурагаас үзнэ үү.