sonin.mn

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурснаас үнэ нь 66-68 долларт хэлбэлзэж байна. Монгол Улс 2005 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн бөгөөд дотоодын худалдаалагч компаниуд нүүрсийг зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр худалдаалж ирсэн. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ чанараасаа хамаарч 150-300 ам.долларын ханштай байхад Монголын нүүрс экспортлогч компаниуд нэг тонн нүүрсийг дээд тал нь 117 ам.доллараар худалдаалж байгаа аж. Гэвч 117 ам.доллар нь Монголын экспортын нүүрсний хамгийн өндөр ханш гэнэ. Нэг тонныг ЗЗ ам.доллараар худалдаалж буй компани ч бий аж. “Энержи ресурс” компани нэг тонн нүүрсийг 117 ам.доллараар, “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг 94 ам.доллараар, “Саутгоби сэндс” 40 ам.доллараар, “Тавантолгой” ХХК ердөө 33 ам.доллараар Хятад руу экспортолдог гэнэ. Сүүлийн жилүүдэд Монголын нүүрсний экспорт тасралтгүй өсч байсан бөгөөд үнэ нь ч дагаад өсөх хандлагатай болж ирсэн.
Статистик судалгаанаас харахад Монгол Улс 2010 онд 18.3 сая тонн, 2011 онд 22,5 сая тонн нүүрс Хятад руу экспортложээ.

 

Харин энэ онд 41,6 сая тонн нүүрс экспортлох прогноз гарч, энэ оны эхний долоон сарын байдлаар дөнгөж 10 сая тонн нүүрс л экспортлосон байна. Оны эхэнд нэг тонн нь 120 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ одоогийн байдлаар 50-60 ам.доллар болтлоо буураад байгаа бөгөөд шинжээчдийн хэлж буйгаар нүүрсний үнэ 2016 он хүртэл сэргэхгүй бололтой. Одоогоор “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “МАК", “Саусгоби сэндс"-ийн урд хил рүү нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудын тасралтгүй урсдаг хөдөлгөөн бүрэн зогсч, төмрийн хүдэр олборлогчид үүдээ бариад байгаа гэнэ. Урд хил рүү ганцхан “Энержи Ресурс” компанийн том машинууд явж байгаа боловч нүүрсээ хилээр гаргаж чадахгүй байгаа аж. Учир нь Хятадууд нүүрс, төмрийн хүдэр худалдаж авахгүй байгаа учраас Эрээн хотод таван сая тонн төмрийн хүдэр гацаанд оржээ. Түүхий эдээр цангасан Хятадууд Монголоос нүүрс, төмрийн хүдэр худалдан авахаа больсныг эрэлт багасч, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан гэдгээр тайлбарлаж байна. Гэвч үүний цаана Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх хятад бодлого ч бий нь ойлгомжтой.

 

Эх сурвалж:"Геологи уул уурхайн мэдээ"