sonin.mn
Төвбанк Хятадын ICBC банкны төлөөлөгчийн газар нээх эрх олгоод удаагүй байна. Тус банкны талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайханаас тодрууллаа.
 
-Гадны банкыг Монголд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр УИХ ажиллаж байна. Энэ үед Төвбанк Хятадын ICBC банкны төлөөлөгчийн газар нээх эрх олголоо. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг та судалсан байх. Хуулийн төсөлд хэлэх санал байна уу?
 
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн гол үүрэг нь гадны банкны үйл ажиллагааг зохицуулахад чиглэнэ. Үүнийг эрх баригчид сайн мэдэж байгаа. Гэхдээ уг хуулийн төсөлд ойлголтын хувьд тодруулах зүйл бий. Гадны банкууд хөрөнгө оруулалтын банк болон арилжааны банк гэдгийг олон улсын жишгээр хүлээн авна. Тодруулбал гадны банк хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллана гэсэн ойлголттой байгаа. Гэтэл бодлого тодорхойлогчид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадны арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулна гэсэн ойлголттой яваа. Тиймээс хууль эрх зүй, нэр томъёоны хувьд тодорхой нэг шийдэлд хүрэх хэрэгтэй.
 
 
-Хятадын ICBC банк  нэр хүнд, цар хүрээгээрээ дэлхийд  дээгүүр жагсдаг. Монгол Улсад дэлхийн томоохон хэмжээний банк орж ирснээр ямар ач холбогдолтой вэ?
 
- Хятадын Үйлдвэр худалдааны банк буюу ICBC  нь олон улсын зээлжих зэрэглэлийн А1 үнэлгээтэй. Мөн “The Banker” сэтгүүлээс гаргасан чансаагаар нийт активын хэмжээгээр тэргүүлэгч олон улсын томоохон банк.  Дэлхий дахинд нэр хүндтэй, том банк манай зах зээлд орж ирж буй нь  Монгол Улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлнө. Улмаар Засгийн газар, хувийн хэвшлийнхэн олон улсаас хөрөнгө босгох, зээл авах боломж нээгдэнэ. Түүнчлэн манай банкуудад ICBC  банкаар дамжин бусад орнуудтай харилцагчийн холбоо тогтоохоос гадна тухайн банкны  сүлжээг ашиглах боломж бүрдэх юм. Мөн  манай улсын урд хөрштэй хийж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ICBC банк худалдааны санхүүжилтын чиглэлээр ажиллах боломжтой.
 
-Тэгэхээр нэр хүндтэй гадны банк орж ирснээр хөрөнгө оруулагчдад эерэг боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?
 
-Мэдээж хэрэг. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, түүхий эдийн үнэ саарсан ч дэлхийн том банкны төлөөлөгчийн газар орж ирэх нь манай улсад ирээдүй байгааг гадныханд илтгэх  юм.
 
-Дөрвөн жилийн өмнө Японы SMBC банкны  төлөөлөгчийн газрыг нээсэн. Үүнээс хойш гадны банкны төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл өгөөгүй. Гадны банкууд төлөөлөгчийн газраа нээх үйл явц яагаад тасалдав?
 
- Дэлхий дахинд 2008-2009 онд санхүүгийн хямрал тохиосон. 2013 оноос хойш төлөөлөгчийн газар байгуулах эрэлт буурсан гол шалтгаан нь хямралтай холбоотой. Дэлхийн томоохон банкууд дээрх хямралын улмаас эрсдлээ бууруулахаар ажиллаж эхэлсэн. Тодруулбал тэд үйл ажиллагаагаа хумих талруугаа хэлбийсэн. Түүнчлэн Монгол Улсын экспортын түүхий эдийн үнийн бууралт гадны банкуудад хүлээлт үүсгэсэн болов уу.  ICBC  төлөөлөгчийн газраа Монголд нээж буй нь дэлхийн хамтын нийгэмлэг  эерэг хүлээлттэй болж буйн нэг илрэл юм.
 
-Хятадын ICBC  банкны төлөөлөгчийн газар хэзээнээс  ажиллаж эхлэх вэ. Энэ банк орж ирснээр зээлийн хүү буурах нь хэмээн шууд утгаар нь хүлээн авах иргэд цөөнгүй байгаа. Энэ тухайд?
 
-Банкны тухай хууль, Монголбанкны банкны зөвшөөрлийн тухай журам, Банкны нэгжийн тухай журмаар  төлөөлөгчийн газрын зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулдаг. Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн хууль эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой. ICBC банк хэзээ үйл ажиллагаа явуулж эхлэхийг би мэдэхгүй. Энэ бол ICBC банкны шийдэх асуудал. БНХАУ-ын  Bank of China, ICBC банкууд “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд дэлхий даяар хамрах хүрээгээ тэлж байгаа. Энэ дагуу манай улсад төлөөлөгчийн газраа нээж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
 
-Монгол Улсад гадны хичнээн банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
-Европын Сэргээн босголт хөгжлийн банк,  АНУ-ын “Standard Chartered”,  Японы “Sumitomo”, “Mitsu”, Голландын “ING”, Хятадын “Bank of china”  ICBC банк үйл ажиллагаа явуулж байна.
 
- ICBC банк Төв банкинд ирүүлсэн хүсэлтдээ Монгол Улсад төдий хэмжээний санхүүжилт хийнэ гэсэн тооцооллыг өгсөн үү?
 
-Тийм нарийн тооцоо байхгүй. Манай экспортын түүхий эдүүдийн үнэ ямар байхаас бүх зүйл шалтгаална гэж харж байна. Тухайлбал манай төслүүд хэр хурдан урагшлах вэ, Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд хэр хурдацтай явах вэ гэдгээс хамаарах юм.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг