sonin.mn
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ 
 
Гийгүүлэгч Сэржээ /гадаадад амьдарч байгаа Монголчуудыг төлөөлнө/
 
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Эрүүл биед саруул ухаан оршино..зэрэг ухаант өвөг дээдсээс минь өвлөгдөж ирсэн эрүүл мэндтэй холбоотой олон зүйр цэцэн үг байдаг нь эрүүл энх байх нь юугаар ч орлуулшгүй үнэ цэнэтэй зүйл гэдгийг хойч үедээ сануулж сургамжилж байсныг илтгэх мэт. 
 
Тэгвэл бид яг одоо эрүүл мэнддээ хэр их анхаарал хандуулдаг вэ? Өвдөхөөс нь өмнө эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлж чаддаг билүү? Эсвэл өвдсөн хойноо л эмчийг бараадан гүйж, эм тан болон сандарч явдаг уу? Завгүй ажил, замын түгжрэлээр далимдуулан ихэнх хүмүүс өвдсөн хойноо өвчнөө эмнэх нь элбэг. Тэгвэл энэ жилээс эхлэн, яг одооноос эхлэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч хөрөнгө оруулалт хийж эхлээрэй гэж хэлэхийг хүсэж байна. 
 
Манай гэр бүлийн хувьд ч гэсэн энэ тал дээр санаа тавьдаг болоод нэг их удаагүй байгаа ч өөрсдийн туршлагаасаа хуваалцвал:
Хоол хүнсний хувьд: 
- Газтай ундаа, бэлэн гоймон, хиам г.м хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс татгалзах
- Оройн хоолоо аль болох тааруулж хийгээд хонуулахгүй байх
- Улирлын ногоо, улирлын жимс жимсгэнэ ихээр хэрэглэх
- Цагаан идээ тогтмол хэрэглэх
- Цагаан гааны бэлдмэл, аньсны навч бэлдэж уух
Эмнэлэг, нэмэлт шинжилгээнд тогтмол хамрагдах: 
- Жилдээ 1-2 удаа цус болон шээсний шинжилгээ өгч шаардлагатай бол нэмэлтээр шинжилгээ хийлгэх
- Ямар нэг зүйл өвдөж эхлэх болон хэвийн бус санагдвал дур мэдэж эмчлэхээс өмнө заавал эмчид, эмнэлэгт хандах
- Нэмэлт витамин уух
Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, биеэ чийрэгжүүлэх: 
- Өөрсдийн дуртай эсвэл шинээр сурахыг хүссэн спортоор тогтмол хичээллэх
- Цэвэр агаарт гарах
- Хэрвээ Монголдоо очиж амрахаар бол сувилалд амрах
 
Энэ мэтчилэн өдөр бүр өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч идэж уух зүйлдээ анхаарал хандуулдаг боловч өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг болохоор энэ жилээс эхлэн амь насны даатгалд хамрагдах талаар ярилцаж байгаа. 
 
Муу зүйлд бэлдэж сайхнаар амьдар гэдэг үг шиг тохиолдож болох муу бүхнээс урьдчилан хамгаалах нь бидний хийж чадах хамгийн зөв зүйл гэж би хувьдаа боддог. Эцэг эх нь эрүүл хэв зуршилтай байвал үр хүүхэд нь түүнээс үлгэр жишээ аван эрүүл амьдралын хэв маягтай болох учир өнөөдрөөс эхлэн хамтдаа хичээцгээе.
 
Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/
 
Эрүүл мэндээ хамгаална гэдэг нь наад захын зөв зуршлаас үүдэлтэй юм болов уу гэж би боддог юм. Монголчууд бид эрт дээр үеэсээ л зундаа сүү цагаан идээ түлхүү хэрэглэж, ходоод гэдсээ амрааж, харин өвлийн тэсгим хүйтнийг уураг ихтэй мах ихтэй хоолоор давдаг байсан шүү дээ. 
 
Хотын бид жилийн 4 улиралд л мах эргүүлдэг болохоор, манай гэр бүлийн хувьд сүү цагаа дэлгэрсэн цагаар хүүхдүүдээ зундаа хөдөө гаргаж, гэдсийг нь цайлгадаг. Ээж аав хоёр минь хэдий 80 шүргэж яваа хөгшчүүл ч гэлээ, зундаа нохойн хошуу, шар цэцэг, халгай, газрын хаг гэх мэт эмийн ургамал түүдэг юм. Зүгээр сууж чаддаггүй хөдөлгөөнтэй болохоор нь муу ээжийг минь нутгийнхан нь ямар сайндаа Царцаа эмээ гэх вэ. 
 
Айлын залуус морин тэргээр усаа зөөж байхад аав минь усны жижиг тэргээ түрээд л усандаа явдаг. Ойгоос унасан гишүү, мөчир түүгээд л түлшээ бэлдчихдэг.   Ийм хөдөлгөөнтэй болохоороо л аав ээж хоёр минь тэр бүр өвчин хэлээд байдаггүй, ануухан сайхан хөгшчүүд бий.
 
 Аав ээж хоёрын олон төрлийн эмийн ургамлыг хатааж, нүдсэн цайгаар бид ирэх зун хүртэл цай чанаж уудаг. Энэ нь бидний дархлааг маш сайн дэмжиж өгнө шүү дээ. Намартаа манай хүүхдүүд өвөө эмээтэйгээ нийлээд хад, мойл, улаалзгана, гүзээлзгэнэ түүнэ. Бидний хамтдаа тарьсан чацарганы мод энэ жилээс жимсээ өгч эхэлсэн...гээд “Витамин”-аа сайн базаагаад авчихдаг болохоор элдвийн өвчнөөс сэргийлж байдаг юм болов уу гэж боддог юм. 
 
Ээж минь хоол хэтрүүлэн иддэггүй болохоор гуалиг “Эмээ” хэвээрээ. Өндөр өсгийтэй гутал одоо ч өмсдөг...Энэ бүхнийг дурьдахын учир нь ээж аавын амьдралын зөв хэвшил, үзүүлж байгаа үлгэр дуурайлал нь үр хүүхдүүдэд нь өвлөгддөг юм болов уу. Зарим айлын ээжүүд хүүхдүүдтэйгээ нийлээд бүтэн бялуу суурин дээр нь идчихэж байгааг, өөх сайн гээд магтах, хоол шингээдэг гээд газтай ундаа байнга уулгаж байгаатай таарч л байсан. Манайхан удмаараа хоолонд сайн айл... гэж бахархаад л аав ээж үр хүүхдээрээ илүүдэл жинтэй ч айл байдаг. Энэ нь тэгээд л аливаа өвчний эхлэл гэдгийг бүгд л мэддэг хирнээ, тэр бүр тоодоггүй. Гэхдээ уг нь тоох хэрэгтэй юм болов уу. 
 
Би чинь олон эмэгтэйн адил “Турна” гэсэн мөнхийн сэдэвтэй. Тийм ч болохоор фитнес жемд явах дуртай. Эхлээд үнэхээр залхуу хүрдэг байсан. Заримдаа өөрийнхөө үснээс чирэх нь холгүй очдог байлаа. Харин дасгал хийх тусам, бие хөнгөрч, аз жаргалын гармон ялгарах мэдрэмжийг авах сайхан байдаг. Бас сэлж, дугуй унаж сурсан. Ууланд алхаж, явган аяллын зэрэг хүртэл авлаа. Олон хүн ууланд алхаад даралт, зүрх судасны өвчнөөс ангижирлаа гэж ярьдаг шүү дээ. Гэр бүлээрээ алхахад танаас нэг ч төгрөг гарахгүй. Харин ч та эрүүл мэндээ анхаарч, байгалийн сайханд аялж, гэр бүл найз нөхөдтэйгээ сайхан дурсамж бүтээнэ шүү дээ. 
 
 Ер нь өөрийгөө магтаад байна уу даа... гэж та битгий шоолоорой. Охин маань намайг дуурайгаад дасгалд явдаг болсон, хөвгүүд маань аавыгаа дуурайгаад сагс тоглох дуртай, дугуйланд явж байгаа... гээд спортод дуртай болох сайн үр дүн эхнээсээ гарч байгаа.  Манай гэрийнхэн цагаан будаа, цагаан талх, гурилнаас бараг татгалзаад, бор будаа бор талх, тахиа, загасны мах, ногоо голдуу иддэг болсон. Аав ээж хоёр маань хотод өвөлждөг болохоор хааяа энэ дэглэм өөрчлөгдөх гээд л байдаг болохоос... 
 
Фитнесийн мөнгө, дугуйлан секцийн мөнгийг мөн л дараа сардаа бэлдээд хувааж цуглуулдаг юм. Тэгэхээр нэг доор бөөн мөнгө гарахгүй амар шүү дээ. Яваандаа удаан яваад ирэхээр танд ямар ч газар хөнгөлөлт үзүүлээд эхлэнэ шүү дээ. За тэгээд аав ээж нар минь өөрсдөө үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлээд, эрүүл хоол түлхүү хэрэглээд, манай Сэржээгийн хэлдгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад байвал бүгдээрээ эрүүл саруул аз жаргалтай амьдарч чадна гэдэгт би итгэл төгс байна. 
 
Мэдээж олон сайхан ээжүүдэд, “Гийгүүлэгч”-дэд өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалдаг олон сайхан туршлага бий болов уу. Та бүхэн “3 giiguulegch” фэйсбүүк хуудсанд зочилж, өөрсдийн аргаасаа бусадтайгаа хуваалцаарай гэж хүсье. 
 
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлж чадсан бол та маш “Баян” хүн.  Танд амжилт хүсье.