sonin.mn
ТОКИО./TASS/. Хиймэл оюун ухаан бүхий роботууд хүмүүсийг аажмаар орлох болсноор 2030 он гэхэд Япон улсад ажлын байрны тоо 2,4 саяар буурах ажээ. Энэ тухай “Мицүбиши” судалгааны хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн тайланд дурджээ.  
 
“Хиймэл оюун ухааны хөгжлийн дүнд бий болох өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлийн салбарыг хамарснаар ажлын байрны тоо цөөрөх нь гарцаагүй. Ийм учраас ажилгүй болсон хүмүүсийг бага боловч тогтвортой орлоготой байлгах тогтолцоог бий болгох талаар одооноос бодох хэрэгтэй” гэж тус хүрээлэнгийн ажилтан Сатоши Сирато ярьж байна.
 
Шинэ технологийг үйлдвэрийн газрууд, худалдаа үйлчилгээний салбаруудад нэвтрүүлснээр ажлын байрны тоо 7,4 саяар буурна гэж зарим шинжээчид үзэж байгаа аж. Гэтэл 2030 он гэхэд роботехник болон хиймэл оюун ухааны салбарт ажиллах мэргэжилтнүүдийн тоо 5 саяар өснө гэсэн тооцоо байна.
 
Харин роботуудыг олон салбарт нэвтрүүлснээр 2030 онд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 50 их наяд иен буюу 432 тэрбум доллароор өснө гэж Mitsubishi хүрээлэн тооцоолжээ. 50 их наяд иен гэдэг бол тус улсын 2015 оны ДНБ-ний 10 хувьтай тэнцэх тоо юм.
 
Тус улсын хүн амын тоо 2015 оны байдлаар 127 сая 95 мянгад хүрээд байна. Үүнээс 67 сая нь  хөдөлмөрийн насны хүмүүс /18-65 нас/ бөгөөд 2060 он гэхэд энэ тоо 38 сая болж буурах төлөвтэй байна.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг