sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв.
 
Төв банкны тухай хуульд  Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд эдгээрийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл, өмнөх дарга болон гишүүдийн томилгооны хугацаа дуусгавар болсон тул шинэ томилгоо хийж байгаа юм.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулав.
 
Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.
 
Харин Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшжээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Хяналтын зөвлөлийн даргап нэр дэвшигчээс нэг асуудлыг тодруулья. Монголбанкны Ерөнхийлөгч манай улс валютын нөөцгүй болсон хэмээн нэг удаа мэдээлэл хийж байсан. Ийм мэдээллийг өмнө нь төвбанкны удирдлагууд хийж байсан уу. Тэрхүү мэдээллээс болж валютын ханш өссөн үү" гэсэн асуултыг тавьсан. Эл асуултад Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу, "Монголбанкны тэрхүү мэдээлэл нь өөрийнх нь вэб хуудсанд тоон үзүүлэлтээрээ байршсан байдаг. Эдгээр мэдээлэл нь нууцын зэрэглэлд хамаардаггүй мэдээлэл юм" гэсэн хариултыг өглөө.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, "Хяналтын зөвлөл унтаа байдлаар ажиллаж болохгүй шүү" хэмээн захьсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Ирэх 4 жилд үлгэр жишээ ажиллаад Монгол банкны хяналтын зөвлөл гэдэг ийм байгууллага байдаг юм байна гэдгийг нотлох хэрэгтэй" гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Өнөөдөр манай улсад хөрөнгийн зах зээл, даатгалын үйл ажиллагаа далайцтай явахгүй байна. Банкны үйл ажиллагаан дээр улсын эдийн засаг тогтож байна. Иймд хяналтын зөвлөл сайн ажиллах ёстой шүү" гэсэн юм.
 
Гишүүд нэр дэвшигчдид хандаж асуулт асууж, үг хэлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилгоог дэмжлээ. Мөн өмнө нь ажиллаж байсан дарга, гишүүдийг чөлөөлөв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг