sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр улс төрийн хүчнүүдийн дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.
 
Уг хуулийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүн өнгөрсөн сарын 27-нд өргөн мэдүүлсэн. АН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн, УИХ дах цөөнхийн бүлэг болон суудалгүй намуудын эрх ашгийг зөрсөн заалт орсон байна хэмээн үзэж бүх улс төрийн хүчний төлөөллөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт АН, МАХН, ТТЭНН, ЭЧХН зэрэг 20 орчим улс төрийн хүчин оролцлоо. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон намуудын удирдлагуудын санал, дүгнэлтийг хүргэж байна.
 
 
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай нам Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцээгүй байгаа. Энэ хуулийн төсөлд бид нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй байна. СЕХ хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрны ажилтнуудыг шууд томилхоор заасан байна. Энд бол сонгуулийн дараа төрийн албанд томилсон өөрсдийн хүмүүсээ оруулж, зохион байгуулна. Гэтэл сонгуулийг будлиантуулсан хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнийг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна. Энэ бол хэтэрхий бага мөнгө. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай.
 
Сонгогчийн нэрсийн жагсаалт гэсэн бүлэгт “Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсгийн хороонд бүртгэнэ” гэж заасан байна. Үүнийг хянах тогтолцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөгчид тусгай программаар тухайн сонгогчийг өөр газарт давхар бүртгэсэн байна уу гэдгийг шалгах бололцоог хангах нь чухал. Энэ бол “царааны нүүдэл”-ээс хамгаална гэсэн үг. Түүнчлэн “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн хүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг СЕХ жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Одоо бол СЕХ ганцхан намын төлөөлөл болсон. Тиймээс нэр дэвшигчдийг сонгуулийн өмнөхөн гүтгэж, улмаар жагсаалтаас хасах магадлал байна.
 
 
-МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
 
-Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж хоёр удаа мэдэгдэл хийсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хуулийн төслөөр МАН, АН болон МАХН гэсэн гурван намаас л нэр дэвших боломжтай байгаа юм. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг төсвөөс гаргах нь зардал, сурталчилгаа гээд бүх зүйл эрх тэгш байх боломж бүрдэнэ гэж үзэж, хуулийн төсөлд оруулах санал гаргасан ч хүлээж аваагүй. Хоёрдугаарт хуулийн төсөлд Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам дангаараа эсхүл хамтарч нэр дэвшүүлнэ гэж заасан. Хамтарч гэдгийг манай нам УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн хүчин хамтарч оролцоно гэж ойлгож байгаа.
 
Гэтэл УИХ-д суудалгүй нам нэр дэвшигчдийг дэмжиж оролцоно гэж заасан байгаа нь дээрх боломжийг хааж байна. МАН-аас манай намд элссэн олон гишүүн бий. Гэтэл энэ хуулийн төсөлд “Нэр дэвшигч нь хуучин намынхаа дүрмийн дагуу гарсан байх ёстой” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, манай намаас нэр дэвших хүмүүсийг “МАН-ын дүрмийн дагуу намаасаа гараагүй байна” гэж хэлээд хасах гэж байгаа юм. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь тухайн оныхоо нэгдүгээр сарын 01-нээс өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Нэгдүгээр сарын 01 өнгөрсөн тул төрийн албан хаагч нэр дэвших ямар ч боломжгүй боллоо гэсэн үг. Мөн сүүлийн 5 жилд эх орондоо байнга оршин суусан байх ёстой гэсэн заалт бий. Гадаадад амьдрах, ажиллах, эмчлүүлэх, суралцах нь Үндсэн хуулиар олгосон эрх.
 
 
-ТТЭНН-ын дарга Г.Уянга:
 
-Ямартай ч манай АН-ынхан хүч хэрэглэхийн зовлонг ойлгож эхэлж байгаа юм байна. Би энэ хуулийн төслөөс нэг их том хуулийн төсөл олж харахгүй байна. Үнэхээр энэ сонгуулийн хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа сонгогчдын бүтэцээ харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн насны 1.9 сая иргэн бий. Үүнээс МАН болон АН-д нийт 350 мянга гишүүн харъяалагдаж байна. Үлдсэн 1.6 сая орчим хүний аль нэг намд харъяалагддаггүй. Энэ хүмүүс намд ч итгэхээ больсон.
 
Тэгэхээр УИХ-д суудалтай намууд зөвхөн гишүүдийнхээ төлөөлөл байх бус үлдсэн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн төлөөллөө оруулах боломжийг хангах хуулийг батлах хэрэгтэй. Дээрээс нь АН нэр дэвшигч оффшор дансгүй байх, төрийн албанд ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй байх зэрэг энгийн шалгууруудыг оруулах ёстой. Түүнчлэн сонгогч саналаа нээлттэй өгөх үү, нууцаар өгөх үү гэдгээ өөрсдөө сонгодог болгох нь зөв. Ингэвэл санал авах явцад хяналт тавих боломж бүрдэнэ. Техник, технологи хөгжиж байгаа өнөө үед энэ зэргийг хийх боломж бүрэн бий. Өнөөдөр АН Эрдэнэт, Тавантолгойгоо хамгаалж чадах эсэхээ ард түмэндээ харуулах хэрэгтэй. Танай нам өөрчлөгдөх ёстой.
 
 
-МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:
 
-Ерөнхийлөгчийн статусыг нэр хүндтэй байлгахын тулд УИХ болон орон нутгийн сонгуулиас өөр хуулиар явуулах нь зөв. Хуулийн төсөлд Үндсэн хуулийн заалтуудыг оруулсан байсан. Нэр дэвшигчийн насны хязгаар, эх орондоо байсан хугацаа зэрэг нь бүгд л Үндсэн хуульд байгаа заалт. Тэгэхээр аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л бол энэ хууль ийм байхаас өөр арга байхгүй. Манай намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөөгүй бол одоо хэн ч Ерөнхийлөгч болсон нийгэм, эдийн засгийн амьдралд ахирц, дэвшил гарахгүй.
 
 
 -МНН-ын дарга О.Бум-Ялагч:
 
-АН ард түмний итгэл үнэмшлийг алдсан. Ард түмэн УИХ-ын сонгуулиар дүнгээ тавьсан. Та бүхэн одоо нэр хүндээ алдаж байна. Тиймээс МҮАН юм уу ТТЭНН-д нэгдэх гэх мэтчилэнгээр өөрсдийгөө өөрчлөх арга бод. Тэгэхгүйгээр Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй. Энэ мэт арга хэмжээ зохион байгуулахаа болиод 1990 оны шинэ үзэл санаа, ардчилсан үзэл суртлаа эргүүлэн олж ав. МАН юу хийхийг хараад сууж байхаас өөр арга байхгүй.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Зөвлөмж боловсруулж ирэх долоо хоногийн Даваа гарагт хуралдах АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулах аж. Бүлгийн хурлаар хэлэлцсэний дараагаар УИХ-д хүргүүлэх аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг