sonin.mn
Байгууллагуудын дотоод хяналтын системийг хөгжүүлж, санхүүгийн тайланг ил тод болгон гадаадын хөрөнгө оруулагчдыг татсанаар эдийн засгийн хямралыг давах  боломжтой хэмээн санхүүчид  үзэж байна.
 
“Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болсон тус хэлэлцүүлэгт 100 гаруй нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтнүүд оролцсон юм.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр эл уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдвийг сонгожээ.
Удирдахуйн ухааны доктор, профессор Ө.Энхбайгаль ярихдаа, “Монгол Улс нэгдсэн төсвийнхөө төлөвлөх менежментээ өөрчлөх цаг үед ирээд байна.
 
Улсын орлогыг буруу төсөвлөснөөс болж 2000 оноос хойш төсвийн алдагдал жил бүр нэмэгдэх болсон нь эдийн засгийг хямралын үндсэн шалтгаан юм. Хямралыг хазаарлахын тулд төсвийн шинэчлэлт, аудитын шалгалтыг тогтмол явуулах ёстой. Улсын төсвийн төслийг Сангийн яам  боловсруулж УИХ-аар батлуулдаг. Нэг байгууллагын гаргасан тооцоог ямар ч гадны хяналтгүйгээр баталдаг нь алдаа болоод байна. Орлого, зарлагаа зөв тооцоогүйгээс болж жилийн эхэнд мөнгө ихээр зарцуулж, жилийн төгсгөлд хямардаг жишиг бий болоод удлаа.  Тэгэхээр жилийн эцэст  төсөвт аудит оруулах биш  эхнээс нь хянаж явах нь зүйтэй.
 
Олон улсын жишгээр төсвийг зарцуулсны дараа биш,  төлөвлөж байхдаа аудитын байгууллагаар хянуулж, зарцуулах явцад сар улирал тутамд нь  хянадаг. Энэ системийг Монгол Улс хэрэгжүүлэх ёстой” гэв.
 
 
Харин Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Төрөөс аудитын байгууллагуудыг эрэмбэлэх хэрэгтэй байна. Сангийн яамны цахим хуудаст аудитын байгууллагуудын тодорхой мэдээлэл байдаггүй. Зөвхөн холбогдох утас хаяг нь байдаг. Аудитын байгууллагуудын аль нь сайн, муу вэ гэдгийг мэдэх мэдээлэл дутмагаас болж алдах тохиолдол цөөнгүй бий.
 
Найдваргүй Аудитын байгууллага болон аудитороор санхүүгийн тайлангаа шалгуулснаас үүдэн татварын байгууллагын шалгалтаар санхүүгийн тайлан нь алдаатай гарах явдал бий. Мөн ихэнх байгууллагуудын санхүүгийн тайлан нээлттэй байдаггүйгээс болж хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэх тал бий. Үүнийг шийдэхийн тулд сайн аудитын газруудыг зарлах  хэрэгтэй” хэмээн ярилаа.