sonin.mn
Тавантолгойн 51 хувийг авах нь нэгэнт тодорхой болсон гэх MCS группийн “Энержи ресурс” буюу MMC
 
/Mongolian Mining Corporation/ компанийг эзэн гэх нь зүйд нийцэх биз ээ. Гэрээнд талууд гарын үсэг зурлаа л бол 300 жил ашиглахаар нөөцтэй, дэлхийн хэмжээний орд маань Хятадын Шинхуа, Монголын MCS групп гэсэн эзэдтэй болж байгаа юм.
 
Тэгвэл 51 хувийг эзэмших “Энержи ресурс” буюу ММС-ийн тухай нэгэн мэдээллийг бид олж авлаа.
 
https://fronteranews.com/news/asia/mongolia-on-cusp-of-6th-bailout-is-the-sky-falling/-д “...ММС нь 2016 оны төлбөрөө төлөөгүй өнгөрөөсөн тул дампуурлаа зарлах ёстой гэж Хонгконгийн хөрөнгийн биржийн шинжээч үзсэн” тухай нийтэлжээ.
 
Тодруулбал, байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн тэсрэлтийн үе дууслаа. Гэвч 2017 оны гуравдугаар сараас 2018 оны нэгдүгээр сарын хооронд тэрбум ам.долларын бонд хүлээгдэж байна. Хонгконгод бүртгэлтэй ММС буюу Mongolian Mining Corporation аль хэдийнэ зогсонги байдалд ороод байна. ММС-ийн 600 сая ам.долларын эзэд компанийг дахин зохион байгуулалтад оруулах асуудлыг дэмжиж байна. 93 сая ам.долларын өрийн эзэд тус компанийг зарахад нөлөө үзүүлж чадахааргүй болов. Дахин зохион байгуулалтад оруулах төлөвлөгөө нь нэмэлт хөрөнгө оруулалтыг 40 хувиар багасгахад хүргэж байна. Ер нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах найдвар бага байна.Тэд цаашдаа хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Учир нь хөрөнгөө эргүүлэн татах нь цэвэр алдагдалд шууд хүргэнэ гэсэн байна.
 
Мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд гарсан /http://www.dailymail.co.uk/wires/reuters/article-4028638/Emerging-market-debt-default-risks-2017.html#ixzz4VWelURTo / мэдээллээр бол /...MONGOLIA - The resource-rich country’s economic boom is over, but $1 billion in bonds mature between March 2017 and January 2018. Hong Kong-listed Mongolian Mining Corp is already in default. Investors hope the cash-strapped country can win a Chinese bailout; if an IMF deal is reached, bondholders may face writedowns/  ММС нь аль хэдийнэ дефольт буюу дампуурсан гэжээ.
 
Яг ийм мэдээлэл Индонезийн мэдээллийн сайтад бас нийтлэгдсэн байгаа юм.
Анх ММС компани 2012 оны гуравдугаар сарын 29-нд бонд гаргажээ. Түүнийгээ таван жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 29-нд төлөх ёстой юм байна. Энэ нь 600 сая ам.доллар болж байгаа ажээ. Мөн ММС бондын төлбөртөө 8.875 хувийн хүү төлдөг байна.
 
Энэ өрийн тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. ММС /Mongolian Mining Corporation/ компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал тухайн үед тайлбар өгсөн байдаг. Ингэхдээ “...Ерөнхий нөхцөл байдал мэдээж амаргүй байгаа. ММС 2012 онд 600 сая ам.долларын бонд босгоод, өмнийн говьд хөрөнгө оруулалт болгож шингээсэн. Үүний цаана үндэсний олон компани ажилтай болсон, ашгаа хүртсэн. Компани энэ бондоо төлөх л ёстой. Хөрөнгө оруулагчид бол “...Бид ойлгож байна. Нүүрсний зах зээл хэцүү байгаа. Танайх менежмент сайтай, хариуцлагатай, худал хэлдэггүй компани. Бид зээлээ сунгая” гээд, хэлэлцээ хийгээд эхэлчихсэн.
 
Хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ямар нөхцлөөр яаж сунгах вэ гэдэг асуудал л явж байгаа. Зөвхөн манайх ч биш, дэлхийн хамгийн том нүүрсний компаниудын нэг “Пибоди” манайхаас ч хэцүү байдалд байгаа. Австрали, Индонез, Хятадын нүүрс, төмрийн хүдрийн компаниуд зээлийн бүтцээ өөрчлөх хэлэлцээрүүд хийгээд эхэлсэн. ММС-ийн зээлийн мэдээлэл нээлттэй. Дефольт гэж зарласныг л буруу ойлгоод байгаа юм билээ. Малчин хүн ХААН банкнаас зээл аваад сарын эхний 5-ны өдөр зээлийн хүүгээ төлөх ёстой байсан гэж бодьё. Тэр өдрөө хүүгээ төлж чадаагүй байж. Бүдүүн тоймлобол энийг л дефольт гэж байгаа юм” гэжээ.
 
Гэсэн ч яг одоогийн байдлаар ММС-ийн зээлжих зэрэглэлийг D буюу хамгийн муу гэсэн үнэлгээнд хамааруулаад байна. Учир нь дээр дурдсанаар ММС өнгөрсөн онд төлбөрөө төлж чадаагүй байна.  ММС-ийнхэн өнгөрсөн оны дундуур хөрөнгө оруулагчидтайгаа хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулжээ.
 
Энэ үеэрээ “...Зээлийн төлбөрөө хойшлуулъя. 600 сая ам.долларыг гурав хувааж төлье” гэсэн байна. Мөн 2016 оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өссөн тул зургаан жилийн хугацаатай 420 сая ам.долларын бондыг шинээр гаргая. Үүгээрээ 600 сая ам.долларын эхний хэсгийг төлье гэсэн хүсэлт тавьжээ. Гэвч энэ хүсэлтүүдийн аль нь ч бүтэж, биелээгүй бололтой юм. ММС-ийн асуудал Кайманын арлын шүүх дээр явж байж ч магадгүй ажээ. Ер нь гадаад, дотоодын шинжээчдийн хэлж буйгаар ММС өрөө төлж чадахгүй нь тодорхой. Дахин зээл авах нь ч бүтэхгүй. Ингэхээр дампуурахаас өөр гарц байхгүй гэж байгаа юм.
 
Нөгөө талаар ММС-ийн удирдлагуудын хүссэнчлэн дахин бонд гаргасан ч энэ хүнд байдлаас гарахгүй хэмээн шинжээчид бас хэлж байна. Тиймээс Тавантолгойн ордыг яаж ийгээд маш хямдаар өөрийн болгох нь тэдний аврал болох бололтой юм.
 
 
 
 
  
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ