sonin.mn
Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагватай ярилцлаа.
 
-Яруу найрагч, зохиолчид төдийлөн тоглолт хийгээд байдаггүй.  Харин та удахгүй “Машид тунгалаг” яруу найргийн цэнгүүнээр уншигч олонтойгоо уулзах нь.  Цэнгүүн ямар онцлог, өнгө аястай болох нь вэ?
 
-Дууны шүлэг бүтээдэг яруу найрагчид маань тоглолт хийдэг л дээ. Өөрийнх нь уран бүтээлийг амилуулсан дуучдаа уриад л нэгэн оройг сайхан өнгөрүүлдэг. Би ч 2008 онд ийм тоглолт хийж байлаа. Тэр үед санаанд нэг зүйл буусан. Ер нь яруу найрагч хүн зөвхөн шүлгээрээ бүрэн хэмжээний тоглолт хийж яагаад болохгүй гэж. Энэ талаар бодсон. Тэгээд 2012 онд “Омогшин бадарна” яруу найргийн тоглолтоо хүргэсэн.  Мөн түүний дараа 2014 онд яруу найрагч Бидэрийн Баярсайхантай хамтран тоглолт хийж байлаа.  Гэхдээ тэнд дууны уран бүтээл зонхилсон. Харин энэ удаагийн цэнгүүнд маань нэг ч дуу дуулагдахгүй. Хөгжим бүжгийн коллежийн үндэсний найрал хөгжим уянгын аяз тоглож,  миний шүлгүүдийг хөглөх юм.
 
-“Машид тунгалаг” гээд машид сайхан нэртэй тоглолт байна. Нэрээ олох гэж их бодов уу.  Мэдээж их утга учиртай санагдлаа?
 
-Ер нь энэ цаг үед хийхээсээ илүү шүүмжилсэн, нэгнийхээ хийсэн бүхнийг дэмжихээсээ илүү харлуулах гэсэн оролдлого санаа давамгайлж байна уу даа.  Тэгэхээр нэг л зүйл байна.  Сэтгэлээ, дотоод бодлоо тунгалаг байлгая л даа. Бидэнд санаа зовоод боож үхэх шахаад байгаа асуудал юу байна аа. Уудам сайхан монгол нутаг минь, газар, шороо, тусгаар тогтнол, эрх чөлөө бүгд байна.  Бидэнд боломж байна.  Тэгэхээр бүхнээс илүү сэтгэлээ тунгалаг байлгая гэж уриалж хэлмээр санагддаг.  Мөн хүмүүний сэтгэлийг тунгалагшуулах зүйл нь ердөө л яруу найраг юм шүү дээ. Шүлэг гэдэг сайхан үгийн чуулбар юм. Тэгэхээр би нэгэн оройг хүмүүний сэтгэлийг тунгалагшуулахын тулд шүлэг яруу найргаа хүргэнэ.  Тунгалаг тунгалагтаа бүр машид тунгалаг байлгахын тулд чармайж байна даа.  Тэр тарнилаг шидэт үгийн  чуулбарт саатсан хүн нэг хэсэгтээ л муу муухайд автахгүй.
 
-Олон нийтийн дунд хар, бараан санаа давамгайлж байна гэж та хэллээ. Тэндээс шүлгийн санаагаа олох уу.  Ер нь таны сүүлийн үеийн уран бүтээл хаанаас төрж байна вэ?
 
-Би байгаль дэлхий, хүмүүний орчлонгийн сайн сайхан зүйлээс шүлгээ хайдаг, тэндээс л сэрж мэдэрч бичнэ. Мөн шүлэг маань зорилгогүй байдаг юм.  Тэр нэг сайхан зүйлийн тухай бичье гээд хүчлээд суухаар юм гардаггүй. Харин бичихгүй юм шүү гэхээр урсаад байдаг сонин ертөнц.  Утга зохиол судлаачид маань шүлэг бүтэх агшинг ухамсаргүй үйлдэл  гэж дүгнэсэн байдаг. Энэ үнэн шүү. 
 
-Та тэр ухамсаргүй үйлдлийг хэзээнээс гүйцэтгэдэг болов.  Ер нь шүлэг яруу найрагт гүн дурлаж эхэлсэн цаг хугацаа тань хэзээ вэ гэдгийг арай өөрөөр асуугаад байна л даа?
 
-Хүн бүхэн аливааг зүлийг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг.  Тэр мэдрэмжийг урладаг хүмүүсийг яруу найрагчид гээд байгаа юм.  Харин дүрсээр илэрхийлж байгааг зураачид, хөгжмөөр илэрхийлдэгийг хөгжмийн зохиолчид гэдэг байх. Миний хувьд шүлэг бичиж эхэлсэн хугацаа маань нэлээд хожуу л даа. Аравдугаар ангиасаа мөр холбож эхэлсэн.  Утга зохиолын гайхамшигт чанар нь юундаа байна вэ гэдгийг мэдрэх тэр агшнаас эхлээд л энэ ертөнцдөө эргэж буцахгүйгээр үлдсэн дээ.  Өнгөндөө нэгийг хэлж, гүндээ нөгөөг ойлгуулдаг  шүлэг яруу найраг гэдэг гайхамшигт увидас юм даа.
 
-Та мэдрэмжийн тухай ярилаа. Үүнийг нөгөө талаар онгод гэж ойлгож болох уу?
 
-Тийм ээ. Д.Намдаг гуай онгодыг эмзэглэл гэж хэлсэн байдаг. Би бол онгодыг мэдрэмж л гэж ойлгодог. Аливааг сэрж мэдэрч хүлээн авах тэр торгон агшин дээр онгод оршдог болов уу.  Цасан дээр ганц цагаан өвс салхинд чичрэхийг хараад Д.Нямсүрэн гуай ямар сайхнаар мэдэрч шүлэг бичлээ. Тооноор цас ороод тогооны таган дээр хайлахыг бас л мэдэрсэн байна.  Түүнийгээ анзаардаггүй л болохоос энэ мэтчилэн түм буман мэдрэмж дунд бид амьдарч байна шүү дээ. Навчны тухай зохиолч болгон бичдэг. Гэхдээ мөрөн голноо хөвөх навчисын дээр ялаа сууж амрах талаар Б.Галсансүх маш гоё мэдэрч бичсэн байдаг. Тэгэхээр яруу найраг гэдэг тэр чигтээ сэрэл мэдэрхүй юм даа.
 
-Тэрхүү мэдрэмж онгод танд хэзээ ирдэг вэ?
 
-Урилгагүй ирнэ дээ. Гудамжинд машин барьж явахад хүртэл аманд уншигдаж байдаг.  Үүлэн чөлөөний нар шиг л сэрэл мэдэрхүй дундуур дайраад л өнгөрч байгаа юм. Тэр мөртүүдээ бүгдийг нь тэмдэглэж аваад байж чаддаггүй.  Зарим мөртүүд гоё юм шиг санагдаад л найз нөхөддөө уншиж өгөхөөр “шал тэнэг” гэж л байдаг.  Харин надад онцгүй санагдахаар хүмүүс тэр чинь л их хөөрхөн шүлэг шүү гэх нь бий. Ер нь уран бүтээл гэдэг их барилгүй л дээ. 
 
-Зарим зохиолч шүлэг яруу найргийг залуу насных гэж ярьдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ. Таны уран бүтээл хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ?
 
-Уран зохиолын бүхий л төрөл зүйлээр бичсэн алдартай зохиолчид бий.  Зөвхөн үргэлжилсэн үг, яруу найраг хэмээн дагнаж бичдэг хүн ч байна. Би саяхан “Машид тунгалаг” номоо өлгийдсөн. Энэ номон дээрээ бодрол, эссэ, сэтгэгдэл оруулсан. Үргэлжилсэн үгийн сайхан уран бүтээлүүдийн дэргэд богино өгүүлэг гэж хэлэхэд ч ичмээр өгүүллэгүүдээ ч оруулсан. Хүмүүс  ам сайтай байгааг сонсоод урамшиж суулаа.  Болмоор байвал хүн бүх төрлөөр бичмээр юм шиг санагддаг.  Аль болох өөрийгөө шинээр нээхийн төлөө явна.
 
-Та Дундговь нутгийн хүү. Таны уран бүтээлд говийн тухай, тэмээний тухай их гүн сэтгэгдэл төрүүлэх мөрт олон байдаг шүү?
 
-Хүн ер нь сайн мэддэг зүйлийнхээ тухай их бичдэг юм билээ.  Миний хамгийн сайн мэдэх зүйл тал нутаг, говийн цайлган зочломтгой хүн зон, байгалийн сайхан юм шүү дээ.  Түүний талаар би насаараа бичнэ гэж боддог юм.
 
-Удахгүй “Болор цом” наадам болох гэж байна.  Та оролцох уу?
 
-Наадамд оролцох бүтээлийг бүртгэж байна гэхээр би шүлгээ бариад гүйдэг. Ер нь яруу найрагч болсон цагаасаа эхлэн тасралтгүй шүлгээ өгсөн. Гэхдээ “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ унших боломж  нээх олон тохиосонгүй. Энэ жил бас л шүлгээ өгсөн. Гэхдээ                 шилдэг 30-д шалгарах эсэхийг мэдэхгүй байна. Шилдэг 30-д шалгарч “Болор цом”-ын тайзан дээр гарна гэдэг Д.Дагвадорж аваргын хэлдгээр алаан байхгүй юу. Тэр тайзан дээрээс уран бүтээлч нөхөдтэйгөө мэндлээд шүлгээ дуудна гэдэг тухайн жилийн онгод хийморь байдаг даа.
 
-“Болор цом” наадмын нэр хүнд унаж байгаа талаар ярьдаг. Харин та өмөөрч боддог яруу найрагчдын нэг юм байна?
 
-Тайзны, шоуны шүлгүүд тэнд уншигддаг, жинхэнэ сэтгэлгээний яруу найраг алга гэж ярих хүнтэй таарч байлаа.   Би шүлэг нь тэнцдэггүй яруу найрагчид л энэ наадмаа харлуулахаар муулдаг гэж боддог.  “Болор цом”-оос л сайхан шүлэг яруу найраг төрж байна шүү дээ. Ер нь хатуухан хэлэхэд “Болор цом”-д унших хэмжээний шүлэггүй хүн л энэ наадмыг муулдаг.  Мөн энэ наадмыг үнэгүй харагдуулаад байгаа зүйл нь оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж Монголд байхгүй байгаагийн илрэл. Барилдаанд түрүүлсэн бөхөд хоёр өрөө байр өгч байна, хурдан моринд 200 саяыг өгч байна.  Гэтэл “Болорцом”-д түрүүлсэн яруу найрагчид юу ч өгөхгүй байгаа шүү дээ. Хүмүүсийн тархинаас төрсөн бүтээлийг биш тамир тэнхээ, нүүрэндээ үстэй адгуусыг үнэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр “Болор цом” бас үнэгүй харагдаад байна л даа.  
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин