sonin.mn
МЕХИКО./Reuters/.АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих мөнгийг манай улс гаргаж чадахгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето дахин мэдэгдлээ.
Тэрбээр нийслэл Мехико хотод Мексикийн Элчин сайд нартай уулзах үеэрээ энэ тухай хэлсэн байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийсэнтэй холбогдуулан тэрбээр хариу мэдэгдэл хийсэн нь энэ юм. Улсынхаа өмнөд хилийн дагуу хана барих мөнгийг Мексикээр гаргуулна гэж Д.Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ.
Пена Ньето хэлэхдээ “манай улс АНУ-ын шинэ засаг захиргаатай олон асуудлаар санал зөрөлдөх нь тодорхой. Тухайлбал, хананы асуудал. хана барих мөнгийг Мексик улс гаргаж чадахгүй” гэжээ.
 
Гэхдээ тэрбээр АНУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Худалдаа, аюулгүй байдал, цагаачлал зэрэг асуудлаар Мексик улс Д.Трампын засаг захиргаатай хэлэлцээ хийх сонирхолтой байгаа аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг