sonin.mn
Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулга хийсэн. Энэхүү мэдээлэл жирийн иргэдийн дунд маргаан дэгдээж эхэллээ.
 
Манай улс уг нь ч яах аргагүй л тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтоосон хэрэг. Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 20 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгдсэн. 
 
Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал хэдий ч  баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэд түрүүлэх, тойрон гарах, эргэлт хийх үед харах талбай 20-70 хэмээр багасдаг нь осол гарахад нөлөөлдөг нь осол авааруудаас харагдаж байна.
 
Замын цагдаагийн гаргасан мэдээгээр 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ. Энэ мэт үндэслэл байгаа ч баруун талдаа хүрдтэй машиныг ихэвчлэн ядуус буюу амьдрал дорой хүмүүс хямдаар авч унадаг. Тэгтэл дээрх шийдвэрт ойр зуурын хэрэглээ болон өдрийн хоолны мөнгөө олох гэж ядаж яваа эмзэг хэсгийнхэд хохиролтой гэх яриа гарсаар байна. Зам тээврийн  хөгжлийн сайд бол иргэдэд хохиролгүй шийднэ гээд байгаа. Шийдвэр хэрэгжихэд иргэд хэр хохирох бол оо?
 
Ж.Батсайхан 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг