sonin.mn
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүссэнээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.
 
Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүсчээ.
 
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд буусан аж. Үүнээс үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгааг албаныхан танилцууллаа. Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буужээ. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөснийг ийнхүү зөрчсөн байна.
Үүнтэй холбогдуулан тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан боллоо.
 
Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов.
 
Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга хуралдааны үеэр булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар, чиглэлүүдийг өглөө.