sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.
 
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж байгаад нийслэлчүүдийн өмнөөс талархаж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс шаардлагатай зүйл байвал тусалж, дэмжих болно” хэмээн онцлоод цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
 
Ким Дү Кван “Би Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Манай хоёр улс ах дүүгийн харилцаатай байдагт талархаж явдаг. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжиж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх болно гэдэгт итгэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.