sonin.mn
Өнөөдөр “Централ тауэр”-т НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалт болов.
 
Энэхүү уулзалтанд ирэх гурван жилд уг зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх олон талт оролцооны байгууллагууд оролцсон юм. Уулзалтыг Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээ, “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-тай хамтран зохион байгуулж ЭМЯ, Залуус эрүүл мэнд төв ТББ, Глобал сан, ХӨСҮТ, Нээлттэй нийгэм форум ТББ зэрэг төр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ирсэн байв.
 
 
Гал голомт үндэсний зөвлөлийн тэргүүн, Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээний зөвлөх Д.Мөнхөө тус уулзалтын чиглүүлэгчээр ажиллаж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат зөвлөлдөх уулзалтыг даргалсан юм.
 
Уг уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан танилцуулсан бол ХДХВ/ДОХ-ын асуудлаар авч хэрэгжүүлж буй өнөөгийн арга хэмжээ, салбар дундын зохицуулалт чухал болох нь илтгэлийг Залуус эрүүл мэнд төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж тавьж сонсголоо.
 
Харин НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд ЭМЯ-наас авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийн талаар ЭМЯ-ны ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргал танилцуулж, дараа нь уулзалтанд оролцогчид санал бодлоо солилцон, уг зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах нь цөөн хүн амтай манай улсын хувьд хамгийн чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
 
Д.Өлзий    
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг